Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжавыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй Төрийн ордонд тааралдаад муудалцаж, бараг л гар зөрүүлэхдээ тулсан гэх мэдээлэл хэвлэлээр гарч буй. Тэгвэл Ерөнхий прокурор энэ мэдээлэл ташаа болохыг нотолж, Хууль зүйн сайдыг хүлээн авч уулзжээ.
Уулзалтын дараа түүнээс энэ талаар тодруулахад “Энэ бол ор үндэсгүй худал зүйл. Бид Цагаан сарын өмнө нэг уулзсан. Түүнээс хойш таараа ч үгүй. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр худал мэдээлэл гарч байгаа учир бид утсаар ярьж, сая уулзлаа. Бидний хооронд хов хутгах гэсэн энэ асуудалд хариу өгөх нь зүйтэй гэж үзсэн. Мөн эрх зүйн шинэчлэлийн хуулиудын талаар санал зөрүүтэй байгаа асуудлыг ойрын үед мэргэжилтнүүдийг оролцуулан ярилцлага, зөвлөлгөөн хийж, байр сууриа нэгтгэх, засаж залруулах зүйлээ тодорхой болгоё гэж бид ярилаа” гэв.
М.ТЭРГЭЛ