Импортыг орлож, экспортыг дэмжих үйлдвэржилтийн төслийг санхүүжүүлэхээ Засгийн газар мэдэгдсэн. Энэ хүрээнд 2014 онд нэг их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөсөн ч хүлээн авсан төслөөс хамаараад 2.1 их наяд төгрөг Хөгжлийн банкнаас гаргахаар болоод буй аж. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өчигдөр “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтын үеэр энэ тухай мэдээлэл өглөө.
Нийт 1151 төсөл хүлээн авснаас чиглэл давхардсан 61, хэт их үнэ буюу долоон их наяд төгрөгийн санхүүжилт шаардсан хоёр, нийт 63 төслийг шалгаруулалтын явцад хассан байна. Үлдсэн 1088 төслийг ангилахад 131 нь эскпортыг дэмжсэн, 757 нь импортыг орлох, 200 нь бусад буюу Засгийн газрын шаардлагаас өөр байсан аж. Тиймээс бусад ангилалд орсон 200 төслийг хасчээ. Ингээд 888 төсөл тунаж үлдсэн байна. Эдгээрийг хэрэгжүүлнэ гэвэл нийт 7.1 их наяд төгрөг шаардагдах гэнэ. Үүний зөвхөн 4.2 их наяд төгрөг нь төрөөс зээл хүссэн хүмүүсийнх аж. Бусад нь төслөө өөрийн хөрөнгөөр санхүүжүүлье гэжээ.
Төрөөс санхүүжүүлэх шаардлагатай энэ 4.2 их наяд төгрөгийн төслийн нэг их наяд нь экспорт, үлдсэн нь импорт орлох бүтээгдэхүүн хийх төсөл болохыг сайд онцлов. Тэрбээр “Экспортыг дэмжих долоо, импортыг орлох найман салбарт үйлдвэрлэл эрхлэхийг хүссэн төсөл үлдсэн. Ирүүлсэн төслийн хамгийн доод зээл нь таван сая, их нь 285 тэрбум төгрөг авахыг хүссэн. 4.2 их наяд төгрөгийн 50 хувийг санх үүжүүлэх боломж одоогоор байна. Шаардлагатай гэвэл бусад төслийг санхүүжүүлэх өөр эх үүсвэр хайна” гэлээ. Тунаж үлдсэн 888 төслийн 524-ийг нь нийслэлд хэрэгжүүлэх юм байна. Мөн Дорноговьд цементийн үйлдвэр барих хэд хэдэн том төслийн санал иржээ. Хүн ам төвлөрсөн томоохон газар болох Дархан-Уул, Орхон аймагт хэрэгжүүлэх төсөл бусад аймгаас олон байна. Зээлийг төгрөгөөр, таван жилийн хугацаатай олгоно.
Мөн жилийн хүү нь есөн хувь байх аж. Зээл авсан хүмүүс эхний нэг жилдээ үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм. Төсөл санаачлагчид сонгосон арилжааны банкиндаа хандах учиртай. Банкууд төслийг хянаж үзээд санхүүжүүлэх боломжтой гэж үзвэл Хөгжлийн банкинд саналаа илгээнэ. Улмаар Хөгжлийн банкнаас төслийн хөрөнгийг шилжүүлэх юм байна. Дээрх төсөл дотор нэг төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх санал цөөнгүй бий гэнэ. Тиймээс салбарын яамдаас нийгмийн хэрэгцээ, эрэлт, нийлүүлэлтийг тодорхойлж эхэлсэн байна. Хөгжлийн банк санхүүжүүлж, арилжааны банкууд эрсдэлээ хүлээн зээл олгох эсэхээ шийдэж, Монголбанк хяналт тавих байдлаар ажиллах ажээ.
С.ТУУЛ