Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл (ХЭЗ)-ийн 25 дугаар чуулганд Женев хотноо энэ сарын 2-ны өдрөөс оролцож байна. Чуулганы нээлтийн хуралдаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Бан Ги Мүн, ХЭЗ-ийн ерөнхийлөгч ноён Баудэлэйр Ндонг Элла, Хүний эрхийн дээд комиссар хатагтай Нави Пиллай, Швейцарийн Холбооны Улсын Ерөнхийлөгч ноён Дидиер Буркхалтер нар оролцож үг хэлэв.
ХЭЗ-ийн чуулганы эхний долоо хоногт болох өндөр түвшний хуралдаанд НҮБ-ын гишүүн орнуудын төр засгийн тэргүүн, өндөр дээд түвшний төлөөлөгчид оролцож, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх хамгаалахад олон улсад тулгамдаж буй зарим асуудлаар байр сууриа илэрхийлэх юм.
Манай төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг нар ажиллаж байгаа бөгөөд НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын удирдлага болон бусад орнуудын төлөөлөгчидтэй уулзалт хийж, хүний эрх, эрх чөлөөг сахиулах үйл хэрэгт манай улсын оруулж буй хувь нэмэр, гаргаж буй санал санаачилгын талаар танилцуулна.
http://www.mfa.gov.mn