Олон улсын шатрын холбооны шинэчилсэн чансаа энэ сарын 1-нд гарсан. Дэлхийн чансааг Норвегийн их мастер Магнус Карлсен 2881-ээр тэргүүлсэн бол Армяны их мастер Левон Аронян 2830 оноогоор шил дарав. Эмэгтэйчүүдийн төрөлд Унгарын их мастер Юдит Полгар 2693 оноогоор түрүүлж, Монголын шатарчдаас “Алдар” спорт хорооны тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул 2432- оор шилдэг эмэгтэй шатарчны чансааны 48 дугаар байрт эрэмбэлэгдэв. Түүний хувьд өнгөрсөн нэгдүгээр сард Английн Гибралтар хотод болсон тэмцээнд чансаагаа бага зэрэг хасуулжээ.
Блиц төрлийн дэлхийн жагсаалтад Монгол Улсын дөрвөн удаагийн аварга, “Шунхлай” группийн тамирчин, их мастер Б.Гүндаваа 2656 оноогоор шилдэг 100 шатарчны жагсаалтад 96 дугаар байрт бичигдсэн аж. Монголын шатарчдын чансааг “Алдар” спорт, “Зууны шатар” клубийн тамирчин, их мастер Ц.Батчулуун 2521 оноогоор тэргүүлжээ.
FIDE-д дэлхийн 180 орон данстай байдгаас эрэгтэйчүүдийг ОХУ 2744, эмэгтэйчүүдийг БНХАУ-ын шатарчид 2491 оноогоор тэргүүлж буй. Харин Монголын эрэгтэйчүүд 2416 оноогоор 60, бүсгүйчүүд 2181 оноогоор 30 дугаар байрт эрэмбэлэгджээ
Г.ЦЭЦЭГ