Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ өнгөрсөн баасан гаригт өөрийн цэргийн зөвлөх Г.Сүхээг ажлаас нь чөлөөлжээ. Батлан хамгаалахын их сургуулийг Цэргийн нэгдсэн дээд сургууль байхад нь нэгэн үе хамт багшилж, “Ажнай” корпорацид нь дэд захирлаар ажиллаж байсан найзыгаа цэргийн зөвлөхөөрөө авахад нь гайхаагүй хурандаа нар халахад нь харин хачирхаж буй аж. ОХУ-ын Санкт-Петербург хотын Цэргийн холбооны академи төгссөн, цэргийн шинжлэх ухааны доктор Г.Сүхээд офицерууд ам сайтай байдаг юм билээ.
Сайд, зөвлөх хоёрын дундуур ямар гээчийн муур гүйснийг Батлан хамгаалах яамны офицерууд янз бүрээр ярьж байна. Нэг хэсгийнх нь яриагаар бол Г.Сүхээг ажлаас нь чөлөөлөхийг Засгийн газрын зүгээс шаардаж, Д.Бат-Эрдэнэ сайдад үүрэг өгсөн гэх. Тэгвэл зарим нь Цэргийн зөвлөхөө сайд өөрөө халсан гэж байна. Налайх дахь Оросын цэргийн ангийн орхиод явсан таван давхар хэдэн орон сууцыг засаж, офицер, ахлагч нарт өгөхөөр болсон юм байна. Энэ ажлыг чанаргүй хийлгэсэн, танил талдаа ч юм уу, өөртөө байр сууц авсан гэдгээс үүдэн сайд нь зөвлөхөө ажлаас халсан гэх хүн ч байлаа.
Б.ГАЛТ