Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргалаа. Зарлигт өвлийн спортыг дэмжих чиглэлийг тусгажээ. Монгол Улсад өвлийн спортыг хөгжүүлэх, хичээллэхэд таатай орчин, нөхцөл бий болгох, төрлүүдийг нь сурталчлан таниулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон байна. Тодруулбал, орчин үеийн шаардлага, стандарт хангасан, задгай болон битүү барилга байгууламжийн цогцолборыг Улаанбаатар хот болон бусад суурин газарт бариулах, зохих хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаанд тулгуурлан шийдвэрлэх тухай дурджээ.
Мөн ерөнхий, мэргэжлийн болон дээд боловсролын байгууллагын хичээлийн сургалтын хөтөлбөрт өвлийн спортын төрлүүдээс тусган, өвлийн улиралд дадал болгон хэвшүүлэх, сурагч оюутныг өвлийн спортоор хичээллэх таатай орчин нөхцөлөөр хангах, энэ чиглэлээр биеийн тамирын багш нарыг мэргэшүүлэх ёстой гэжээ.
Зарлигийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталж, хэрэгжилтийн талаар Ерөнхийлөгч болон олон нийтэд жил бүр мэдээлж байхыг Ерөнхий сайд Н.Алтанхуягт үүрэг болголоо. Үүний зэрэгцээ эх орондоо өвлийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг төрийн бус байгууллага, тамирчид, багш дасгалжуулагчид, бизнесийн байгууллагад уриалсан байна.