Норвегийн эрдэмтэн Хегле Карлсены удирдлага дор “Эрчим” корпорацын эрдэм шинжилгээний ажилтнууд нарны эрчим хүч ашиглан, гэр хорооллын айл өрхийн халаалтыг шийдвэрлэх зорилготой туршилт хийж байгаа аж. Улаанбаатар хотын гэр хороолол, Орхон аймгийн төвийн нийт дөрвөн айлд хийж байгаа уг туршилтыг 2014 оны хоёрдугаар сарын 24- нд эхэлжээ. Эдгээр айлын нэг нийслэлийн Сүхбаатар дүүргийн XII хороо, Хангайн 2-94 тоотод оршин суугаа Я.Амарбаярын өвлийн байшин, таван ханатай гэрт хийж байгаа туршилттай Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, ЭХЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж, Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга М.Ангараг нар танилцлаа.
Нарны эрчим хүчээр агаар халаах төхөрөөмжийг монгол гэр, өвлийн байшинд суурилуулснаар тухайн айлын нэг өвөл түлдэг нүүрсний 1/3-ийг хэмнэж байгаа аж. Энэ төхөөрөмжийн дулаан ялгаруулах чадал нь нарны илч, тусгалын өнцөг, төхөөрөмж дээр тогтсон тортог зэргээс хамаарч 21 хувийн хэлбэлзэлтэй байдаг гэнэ. Туршилтын хугацаанд 50 градус хүртэл дулаан агаар гаргаж байсан тухай эрдэмтэд хэллээ. Норвегид нэг ам метр талбай халаахад 65 кВт/цаг эрчим хүч зарцуулдаг бол Улаанбаатарт түүнээс бараг гурав дахин их эрчим хүч зарцуулж байна.
Технологийн дагуу сайтар дулаалсан гэр, байшинд уг төхөөрөмжийг ашиглавал илүү үр дүнтэй гэж Норвегийн эрдэмтэн Хегле Карлсен Эрчим хүчний дэд сайдад хэлжээ. Учир нь гэрийн тооно, шалаар, байшингийн шал, цонхоор их хэмжээний дулаан алдагдаж байгааг тэр мэдэж, дулааны алдагдлыг тооцон гаргажээ.
Т.МИНЖИН