Өнөөдөр (III.13) ОХУ-ын Ханты-Мансийск хотноо шатрын дэлхийн аварга Магнус Карлсентай халз тоглох өрсөлдөгчийг шалгаруулах тэмцээн эхэлж байна. Тус тэмцээнд титмээ алдсан Вишиванатан Ананд (Энэтхэг), 2013 оны Дэлхийн цомын үзүүр, түрүүг булаалдсан Владимир Крамник, Дмитрий Андрейкин (хоёул ОХУ), FIDE-гийн 2012-13 оны улирлын гранпри тэмцээний аварга Веселин Топалов (Болгар), дэд аварга Шахрияр Мамедьяров (Азербайжан), чансаагаараа шилэгдсэн Левон Аронян (Армен), Сергей Карякин (ОХУ), FIDE-гийн тусгай урилгаар оролцж буй Петр Свидлер (ОХУ) нарын шилдэг найман их мастер хоёр тойрог тоглох юм. Өнгөрсөн жил Ананд эх орондоо Карлсенд эсэргүүцэлгүй шахам ялагдсан учраас шатар сонирхогчид өнөө жил Магнус Карлсен-Владимир Крамник гэсэн супер дуэлийг хүлээж байна гэхэд хилсдэхгүй. Гэхдээ дэлхийн 14 дэх аварга Владимир Крамник энэ тэмцээнд тааруухан тоглодог “хуучтай”. Тэрбээр өмнө нь “FIDE World Candidates Tournament”-д дөрвөн удаа оролцоод тухай бүрт бүтэлгүйтэж байв.
Анх 1994 онд 18 настайдаа хоёр үе шаттай зохиогдсон тэмцээний эхнийхэд Гата Камскийд, дараа нь Борис Гельфандад дийлдэж байв. Дөрвөн жилийн дараа зохиогдсон өрсөлдөгчийн тэмцээнд мэргэжилтн үүд өсч яваа залуу одыг хялбархан түрүүлнэ гэлцэж байсан ч хашир дайчин Алексей Шировт хожигдох нь тэр. Гэхдээ ур чадвар нь илт өсч, Каспаровыг хүртэл айлгадаг болсон Крамник 2000 онд дэлхийн аварга болж, цолоо долоон жилийн турш хадгалжээ. 2006 онд FIDE-гийн хувилбараар аваргын титмийг эзэмшиж байсан Болгарын Веселин Топаловыг халз тоглолтод буулган авч, дэлхийн аварга цолыг нэгтгэв. Харин 2007 онд Виши Анандад ялагдсанаар “хаан ширээ”-нээсээ буужээ. Титмээ эргүүлэн авахаар 2011 онд Казаньд болсон өрсөлдөгчийн тэмцээнд оролцож, ¼ шигшээд Теймур Ражабовыг арайхийн хожсон ч (сонгодог тоглолт 2:2, рапид 2:2, блиц 2.5:1.5), хагас шигшээд нутаг нэгт Александр Грищукт тай-брейкээр дийлджээ.
Эцэст нь “Лондон 2013”-т Магнус Карлсентай оноо тэнцсэн ч нэмэлт үзүүлэлт буюу цэвэр хожлын илүүгээр Норвегийн их мастер тэргүүлж, Анандтай тоглох эрхийг авсан билээ. Уг тэмцээний нэгдүгээр тойрогт Крамник бүх өрсөлдөгчтэйгээ тэнцсэн ч удаах хагасыг гайхалтай эхлүүлж, дөрөв хожиж, хоёр тэнцэн Карлсеныг гүйцсэн юм. Даанч шийдвэрлэх тавилд Василий Иванчукт хорлогдсон юм. Түүний гол өрсөлдөгч Карлсен ОХУ-ын Петр Свидлертэй цагаанаар тоглохдоо хожигдсоноор Владимирт тэнцээний хагас оноо л хангалттай байлаа. Гэвч Крамник Украины их мастерт ялагдан, Анандаас даагаа нэхэх боломжоо алдсан юм. Харин энэ удаа яах бол?
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар экс-дэлхийн аварга энэ удаа түрүүлэх бүрэн боломжтой, үгүйдээ гэхэд үзүүрлэх магадлал өндөр гэнэ. Учир нь түүний гол өрсөлдөгчдийн нэг Карлсен энэ тэмцээнд оролцохгүй. Дээр нь оны өмнөхөн ОХУ-ын шатарчид багийн ДАШТ-д түрүүлэхэд Крамник чухал үүрэг гүйцэтгэж, багтаа хожлын оноог авчирч бэлтгэл сайтай буйгаа харуулсан билээ. Үүний дараа тэр шууд бэлтгэлдээ орсон. Ойр дотныхных нь яриагаар бол Владимир формондоо бүрэн орчихсон цагт түүнийг айлгах шатарчин гэж үгүй ажээ. Бүр дэлхийн аварга Карлсен хүртэл түүнээс хамгийн их бэргэдэг гэнэ.
Крамник өөрөөсөө 15 насаар дүү өрсөлдөгчтэйгээ нийтдээ 16 удаа тулснаас (үүнд рапид, блиц тоглолтыг оруулаагүй болно) 4 хожиж, 12 удаа тэнцэн, ганц ч хожигдоогүй үзүүлэлттэй. Магадгүй Карлсеныг сайжирснаас нь хойш цөөхөн тоглосон байж болох. Гэхдээ л дэлхийн чансааг 17 настайгаасаа тэргүүлсэн (өдгөө Карлсен 24 настай) сод авьяастанд ганц ч удаа хожигдоогүй нь гайхамшигтай үзүүлэлт. Өөрөөр хэлбэл Карлсен-Крамник халз тулахад Оросын их мастерын ялах магадлал их үү л гэхээс багагүй. Магадгүй Крамник тав дахь оролдлогоороо өрсөлдөгчийн тэмцээнд түрүүлж чадвал арваннэгдүгээр сард шатрын ертөнц нэгэн супер дуэлиэр “амьсгалах” нь.
Р.МАНЛАЙ