Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ерөнхий захирал Хосе Грациано Да Силваг хүлээн авч уулзлаа. Ноён Хосе Грациано Да Силва НҮБ-ын ХХААБ-ын Ази-Номхон далайн бүсийн 32 дугаар бага хурлыг Монгол Улс даргалах болсныг дуулгасан байна.
Мөн уулзалтын үеэр хүнсний аюулгүй байдлыг сахин хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлж, цаашид хүнсний бүтээгдэхүүн экспортлох талаар ярилцав.
Чацаргана зэрэг Монголын органик хүнсний бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулах, экспортлох замаар хүнсний хангамжид хувь нэмрээ оруулахад НҮБ-ын ХХААБ-ын тусламж хэрэгтэй байгаа тул Монголд ХХААБ-ын байнгын бие даасан суурин төлөөлөгчийн газар байгуулах шаардлагатай байгаа тухай ярилцлаа.