Мастерс ангилалд багтсан Индиана Уэлссийн тэмцээнд Испанийн алдарт теннисчин Р.Надаль Украины А.Долгополовт ялагдан аваргаа хамгаалах тэмцлээс хасагдсан нь багагүй сенсаац дэгдээлээ. Үүнтэй холбогдуулан Рафагийн карьертаа амсаж байсан дуулиант ялагдлуудын талаар өгүүлье.
US Open-2006. ¼ шигшээ.
М.Южныйд 3:6, 7:5, 6:7, 1:6
Хатуу талбайд олигтой тоглож чаддаггүй испани эр тэр жил Америкийн кортонд оргил амжилтаа үзүүлж, шөвгийн наймд шалгарсан юм. Гэвч энэ даваанд Оросын Южныйг барсангүй. Хатуу хучилтат талбайд хожигдсон гэдгээр нь Надалийг өмөөрч болох ч өрсөлдөгч нь тухайн үед ТОП 50-д ч багтаагүй нь түүний ялагдлыг сенсаац болгосон юм. Орос эр тэр жил Хрбата, Массу, Феррер, Робредо, Надаль нарыг дараалан сөхрүүлж их шөвөгт үлдээд Роддикт ялагдсан билээ.
Стокхольм-2006. 2-р тойрог.
Йоахим Йоаханссонд 4:6, 6:7
Швед эр хүчтэй давуулалттай, теннист амжилт гаргах ирээдүйтэй тамирчнаар нэрлэгдэж байсан ч бэртэл гэмтлийн улмаас хүссэн амжилтаа үзүүлж чадаагүй. Гэхдээ 2006 онд өөрийн карьерт тодоор дурсагдах ялалтыг Надалийн эсрэг тоглолтод байгуулжээ. Надалийн хувьд хамгийн муу рейтингтэй тамирчинд хожигдсон нь энэ. Тухайн үед Йоханссон дэлхийн чансааны 690-д бичигдэж байжээ.
US Open-2007. 4-р тойрог.
Д.Феррерт 7:6, 4:6, 2:6
Чансааны хоёрт бичигдэж байсан Надаль үүнээс өмнөх дөрвөн тоглолтдоо ганцхан сет алдаад байлаа. Гэвч ¹15-д эрэмбэтэй Феррерийн эсрэг дэндүү муу тоглосон. Тухайн үед бооцооны газруудад Рафаг ялна гэж 1.15 хүн тутмын нэг нь мөнгөө даатгаж байжээ.
Ченнай-2008. Шигшээ тоглолт.
М.Южныйд 0:6, 1:6
Энэтхэгийн тэмцээнд Рафаг түрүүлнэ гэдэгт хэн ч эргэлзээгүй. Гэвч хагас шигшээд К.Мойягийн эсрэг 3 цаг, 54 минутын турш тоглож байж арайхийн ялав. Улмаар шигшээд сэргэлт авч чадахгүй байсаар Южныйд өчиггүй ялагдах нь тэр.
Ролан Гароос-2009. 4-р тойрог.
Р.Содерлингд 2:6, 7:6, 4:6, 6:7.
Швед эр Надальтай ес тоглоход ердөө хоёрхон ялж байжээ. Гэхдээ үүний нэг ялалт нь онцгой. Хэрвээ тэр жил Надаль түрүүлсэн бол “Ролан Гаррос”-ын аваргаар тав дараалан тодрох байв. Гэвч Содерлинг түүний замд хөндөлсөж, дөрвөн үеийн тоглолтод буулган авчээ. Гол өрсөлдөгч нь тэмцээнээс хасагдсаны ачаар Р.Федерер тэр жил Францын нээлттэй тэмцээнд эхний болоод эцсийн удаа түрүүлсэн түүхтэй.
Монреаль-2011. 2-р тойрог.
И.Додигад 6:1, 6:7, 6:7
Эхний үед 6:1-ээр давамгайлсны дараа Надалийг зовлон багатай дараагийн тойрогт шалгарна гэж бүгд бодож байлаа. Гэтэл хорват залуу удаах хоёр сетэд итгэмээргүй тоглолт үзүүлэх болов. Тэрбээр Надалийн эсрэг шазруун үзэлцсээр гурван цаг үргэлжилсэн тоглолтод ялалт байгуулжээ.
Уимблдон-2012. 2-р тойрог.
Л.Росолад 7:6, 4:6 4:6, 6:2, 4:6
Дэлхийн чансааны 100-д эрэмбэтэй чех залуу энэ үеийг хүртэл Надальтай гар зөрүүлж үзээгүй байлаа. Үнэндээ теннисний хүрээнийхнээс бусад нь түүнийг огт мэддэггүй байсан. Гэтэл тэрбээр өмнөх жилийн аваргыг хүнд хэцүү долоон сетэд хожиж, томхон дуулиан дэгдээлээ. Энэ нь Надалийн хувьд 2012 оны сүүлийн тоглолт байсан юм. Тэрхүү тоглолтын дараа испани эр зүүн өвдөгний гэмтлийн улмаас бараг долоон сар теннис тоглоогүй билээ.
Винья дель Мар-2013. Шигшээ тоглолт.
О.Себальосад 7:6, 6:7, 4:6
“Уимблдон 2012”-оос хойш теннис тоглоогүй Надаль удаан хугацааны дараа эргэн ирлээ. Улмаар эхний тэмцээндээ л финалд шалгарах нь тэр. Гэвч Себальоса хэмээх хэний ч үл таних аргентин залууг барсангүй. Тэрбээр агуу Надалийг буулгаж авснаар карьерийн анхны (магадгүй сүүлийн) тэмцээндээ түрүүлсэн юм.
Уимблдон-2013. 1-р тойрог.
С.Дарсист 6:7, 6:7, 4:6
Надаль гэмтлээсээ эргэж ирээд уламжлал ёсоор “Ролан Гаррос”-ын аварга болов. Энэ амжилт нь түүнийг “Уимблдон”-д дээгүүр өрсөлдөх тамирчны тоонд оруулж байлаа. Гэвч испани эр зүлгэн гадаргуутай талбайд амжилт гаргахад бэлэн биш байжээ. Эхний тойрогт дэлхийн чансааны 135-д бичигдсэн Дарсисаас нэг ч сет салгаж чадалгүй хожигдсон нь үүний нотолгоо болов.
Г.БАЯРСАЙХАН