Орц
Тахианы цээж мах- 1 ш
Гахайн утсан мах- 10 хэрчим
Зөгийн бал- 2 цайны халбага
Гич- 2 цайны халбага
Нимбэгний шүүс- 20 гр
Давс- 1 чимх
Хийх арга:
Зөгийн бал, гич, нимбэгний шүүс, давсыг сайтар холиход ороомог амтлах сүмс бэлэн болно. Нимбэгний шүүсийг жүржийнхээр орлуулж ч болох юм. Тахианы махыг 1 см зузаан, урт нарийхан хэрчээд утсан махаар орооно. Гахайн утсан мах шорвог учраас элдэв амтлагч, давс хэрэггүй. Үүнийгээ шарах шүүгээний тавцан дээр тавиад, дээрх сүмснээсээ гадаргуу дээр нь түрхэж өгөөрэй. Тэгээд 220 хэм халаасан шарах шүүгээнд хийж, 7 минут шараад эргүүлнэ.
Энэ үед дээш нь харуулсан тал дээрээ мөн л сүмснээс түрхээд, дахин 7 минут шараад гаргаарай. Арааны шүлс асгарам гайхалтай улаан хүрэн өнгөтэй болсон байгаа биз. Тэгээд зогсохгүй гахайн мах шаржигнуур, харин дотор байгаа тахианы мах шүүслэг, зөөлөн болохоор зажлахад аманд бутраад янзтай. Та ч үүнийг мэдэрч байгаа гэдэгт итгэлтэй байна.
Шарах хугацааг хэтрүүлбэл хоол тань хорчийсон, шүүсгүй горойсон “царай муутай” болохыг анхаарна уу. Ер нь тахиа, гахайны маханд нимбэг, жүржийн шүүс, гич, зөгийн бал маш сайхан зохицдог. Энэ хоолыг шарсан, жигнэсэн, чанасан цэцэгт байцаа, лууван, шош, вандуйтай идвэл салахын аргагүй болно. Учир бага зэрэг “ширүүн” амттай шарсан мах тэдгээр ногооны чихэрлэг, зөөлөн амттай хачин сайхан зохицдог юм. Дашрамд өгүүлэхэд, дээрх аргаар бэлдсэн сүмсээр төрөл бүрийн махыг амтлаад шарахад тун догь болно.
.jpg)