УИХ-ын дарга З.Энхболдын БНСУд хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Тэрбээр өнгөрсөн баасан гаригт БНСУ-ын Ерөнхийлөгч, хатагтай Пак Гын Хэ-д бараалхав. Хатагтай Пак Гын Хэ УИХ-ын дарга З.Энхболдын айлчлал хоёр орны харилцаанд өндөр ач холбогдолтой болохыг онцолжээ. Ирэх онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой болох юм. УИХ-ын дарга энэ үеэр жилд Монголын 120 мянга орчим иргэн БНСУ-д зорчдог, цаашид виз хөнгөлөх талаар анхаарахыг хүсье гэсэн байна. Талууд хоёр орны хамтын ажиллагааг улс төр, эдийн засгийн чиглэлд улам өргөжүүлэх талаар санал солилцжээ. Үүний дараа УИХ-ын дарга З.Энхболд Пусан Жинхэгийн эдийн засгийн чөлөөт бүсэд зочиллоо. Уг эдийн засгийн чөлөөт бүс нь боловсрол, анагаах ухаан зэрэг салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг түлхүү татах зорилт тавьдаг аж. Үүний тулд олон улсын нисэх буудал, төмөр болон хурдны зам, боомтын хөгжилд онцгойлон анхаарч байгаагаа хэлэв. БНСУ-д эдийн засгийн нийт найман чөлөөт бүс байдаг гэнэ.
Эдийн засгийн чөлөөт бүсэд Зүүн хойд Азийн 1.5 тэрбум хүн амьдардаг бөгөөд 1000 гаруй үндэсний, АНУ-ын компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа болохыг Пусан Жинхэ УИХ-ын 100 гаруй даргад танилцууллаа. Эдийн засгийн чөлөөт бүсийн захиргааны дарга Со Сөк Сүн энэ үеэр гадаадын хөрөнгө оруулагчид эрсдэл, ашиг зэрэг оршдог улсад хөрөнгө оруулах сонирхол өндөр байдаг. Ашиг өгөхгүй бол гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломжгүй. Мөн үүнтэй адил хэт их ашиг өгч буй улс оронд бизнесийн цэвэр орчин бус, хууль бус арга замаар мөнгө олох гарц их байдаг. Иймээс хөрөнгө оруулагчдыг ихээр татаж байгаа орон эрсдэл ихтэй хэрнээ төдий хэмжээнд ашиг олж чадах орон гадаадын хөрөнгө оруулалтыг татдаг” хэмээн туршлагаасаа хуваалцсан байна. УИХ-ын дарга З.Энхболд удаах өдөр Пусан хотод зочилж, манай улсаас тус хотод ажиллаж амьдардаг 6000 гаруй иргэдийн төлөөлөлтэй уулзав. БНСУд нийт 26 мянга орчим монгол иргэн ажиллаж, амьдардаг аж. Мөн 7785 иргэн хууль бусаар ажиллаж байна гэсэн статистик дүн гарчээ. Гэхдээ хууль бусаар ажилладаг иргэдийн тоо жил ирэх бүр буурч буй гэнэ. УИХ-ын дарга “Солонгос дахь монгол иргэдийн эрх ашгийг хамгаалахын тулд энд Хөдөлмөрийн яам болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам үйл ажиллагаа явуулж байгаа.
Монгол дахь БНСУ-ын ЭСЯ-наас монгол иргэдэд виз өгөхийн тулд 7-14 сая төгрөгийн барьцаа хөрөнгө шаарддаг. Энэ асуудлыг айлчлалын хүрээнд хөндөж БНСУ-ын төр, засгийн удирдлагуудтай хэлэлцсэн” гэдгээ ярьсан байна. Мөн монгол иргэдээ эх орондоо ирж хөдөлм өрлөхийг уриалжээ. Энэ үеэр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ БНСУд ажиллаж байгаа иргэд тэтгэврийн даатгалын шимтгэл төлөх боломжтой болсныг дуулгасан байна. Тэрбээр “Гадаад орнуудад 150 мянга орчим монгол иргэн амьдарч байна. Мөн гадаадын хүнтэй гэр бүл болсон хүмүүсээс төрсөн хүүхдийн иргэншил, харьяаллын асуудлыг шийдэх эрх зүйн орчин бүрдүүлэх чиглэлээр манай яам ажиллаж байгаа. Солонгосын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж эхэлсэн” гэсэн мэдээлэл өгчээ. Тэрбээр мөн зөвхөн байр авах мөнгөтэй болоод нутаг буцах бус, мөнгөөр хэмжишгүй үнэт капитал, ноу хау эх орондоо нэвтрүүлэх, сурсан мэдлэгээ хэрэгжүүлэх хэрэгтэйг уриаллаа.
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Уг айлчлалын хүрээнд Пусан хот руу шууд нислэгтэй болох асуудлыг хэлэлцэж байна. Мөн Солонгост ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийн гэр бүлийнхэнд тулгарч байгаа визний болон бусад асуудлыг шийдэж өгөх санал дэвшүүлсэн” гээд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд Солонгост хөдөлмөр эрхэлж буй иргэдийг эх орондоо бүтээн байгуулалт хийх хэрэгтэйг хэлэв. Иргэд визний асуудал, Пусан хотод нээхээр төлөвлөж буй Консулын газрын талаар ихээхэн сонирхож асуусан байна.