“Орон нутагт амьдрал маш хүнд байна. Эдийн засгийн өсөлтийг ард түмэн гүйцэхгүй нь” хэмээн хөдөөгийн иргэд хэлж буй тухай МАН-ынхан дуулгав. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан баг Баянхонгор, Архангай аймагт ажиллаж, улс орны нийгэм, эдийн засгийн байдал, нутаг орны өмнө тулгамдаж буй асуудлын талаар иргэдийн санал бодлыг сонсоод иржээ. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, О.Содбилэг, МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албаны намын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газрын дарга А.Ариунзаяа, Нийгмийн хөгжлийн бодлогын газрын дарга С.Чинзориг, УИХ-ын гишүүн асан Д.Очирбат нар хамт ажилласан юм. МАН-ынхны орон нутгийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр ардчилсан, хамтарсан, эвсэж солонгорсон гэх мэт нам, засгийнхны хэрэгжихгүй хууль, хэрээс хэтэрсэн үйлдлийг иргэд нэр устай нь хэлж шүүмжилж, Засгийн газрын хийж буй ажлыг илүүтэй буруушааж байлаа.
Сүүлийн үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдсэн нь иргэдийн худалдан авалтад маш их нөлөөлжээ. Үүнийг ч хуралд оролцож буй иргэд үг хэлэхдээ байнга онцолж байсан. Хамгийн чухал нь орон нутагт байдал хүндэрсэн байхад Засгийн газар ямар ч арга хэмжээ авахгүй байгаад иргэд дургүйцэж байна. Тэр тусмаа эдийн засаг хямарч байхад Ерөнхий сайд Н.Алтанхуяг бүх зүйл хэвийн мэтээр ярьж байгаа нь ард түмний эгдүүцлийг хүргэжээ. Аль ч аймагт очиход нийгэм, эдийн засаг, төр засгийн хийж буй ажлын талаар шүүмжлэл хамгийн их өрнөж байсан юм. Тэр ч бүү хэл олон иргэн Монголын нийгэм, эдийн засгийн байдлыг элгээр нь хэвтүүлсэн, хариуцлагагүй ажиллаж байгаа Засгийн газар, УИХ-ыг тараахыг шаардаж, үүнийг ард түмэн нийтээр дэмжинэ гэдгийг ч илэрхийлж байв.
Мөн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй олон компани ам.долларын өсөлтөөс болж дампуурлын ирмэгт хүрчээ. Дараагийн нэг шүүмжлэл бол ямар нэгэн шалтгаангүйгээр ажлаас халагдсан гэх асуудал. Баянхонгор аймгийн хувьд Эрүүл мэндийн газрын дарга солигдсоноос болж тэнд хөл толгойгоо олохоо байжээ. Одоогийн байдлаар Эрүүл мэндийн газраас ямар нэгэн шалтгаангүйгээр гурван жижүүр, дөрвөн бага эмчийг халаад байгаа юм байна. Төр засаг энэ мэт боловсролтой боловсон хүчнээ ажлаас халж байгаа нь өөрсдөө уураг тархиа сааж байгаатай адил хэмээн зарим хүн хэлж байв. Өөрөөр хэлбэл, тэд Монгол төрийг уураг тархигүй, араг ястай зүйрлэж байна. Улс орны нийгэм, эдийн засгийн бүх үзүүлэлтийг ганцхан жилийн дотор “самарсан” хэмээн эрх баригчдыг иргэд буруутгаж байна. Тиймээс цаашид Монгол Улсын ард түмнийг төлөөлж, тэднийг удирдах эрхгүй хэмээн шүүмжиллээ.
Ийнхүү иргэд олон түмний амнаас гарч буй хамгийн том шүүмжлэл бол Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулахыг илүүтэй шаардаж байв. Дашрамд хэлэхэд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан баг энэ долоо хоногт Хөвсгөл, Орхон, Булган аймагт ажиллана.
Д.БОЛОР