Ж.Дагшаахүү агсны нэрэмжит “Ам угтуул 2014” шилдэг шатарчдын нээлттэй тэмцээн энэ сарын 15-16-нд “Этүгэн” дээд сургууль дээр боллоо. Тэмцээнд 136 шатарчин швейцарь системээр долоон өрөг тоглож, эхний 64 байрт шалгарагсад дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авсан юм. Энэ шатны онцлог нь цолны эрэмбээр ам авч тоглосонд оршино.
Тэмцээний дүн гарахад Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат, “Шунхлай” группын тамирчин, улсын дөрвөн удаагийн аварга, их мастер Баярсайханы Гүндаваа түрүүлж, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат, “ХанАлтай” клубийн тамирчин, улсын гурван удаагийн аварга, их мастер Дашзэгвийн Шаравдорж үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Зууны шатар” клубийн тамирчин, улсын аварга, их мастер Цэгмэдийн Батчулуун, Завхан аймгийн Завханмандал сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Оюунлаг шатар” клубийн тамирчин, их мастер Батхуягийн Мөнгөнтуул нар үлдсэн юм. Тусгай шагналыг спортын мастер Довчинбуугийн Магвансүрэн, ОУМ Лхамсүрэнгийн Мягмарсүрэн, өсвөрийн шатарчин Батсайханы Энхсаран нарт олголоо.
.jpg)
У.НАСАНЖАРГАЛ, Б.МӨНГӨНТУУЛ НАР ТҮРҮҮЛЖЭЭ
Энэ сарын 13-15-нд “Зууны шатар” клубт явагдсан 2014 оны оюутны УАШТ-д 10 гаруй их, дээд сургуулийн 70 шахам шатарчид стандарт тоглолтоор өрсөлдснөөс ФМ У.Насанжаргал (МҮИС), ФМ Ц.Лхагвасүрэн (Шишихутаг ДС), Ц.Батчулуун (ҮБТДС), эмэгтэйчүүдээс ОУМ Б.Мөнгөнтуул (ШУТИС), ЭОУМ Д.Янжиндулам (БХИС), Ц.Мөнхчулуун (ҮБТДС) нар, багийн дүнгээр ҮБТДС, ШУТИС, БХИС медальт байруудад шалгарсан бөгөөд ирэх намар Польшид зохиогдох оюутны ДАШТ-д оролцох манай багийн бүрэлдүүнд багтах эрхийг ОУМ Г.Мөнхгал (Мон-Алтиус), СМ Э.Хулан (Мандах ДС) нар авчээ.
ӨРСӨЛДӨГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

ОХУ-ын Ханты-Мансийскт явагдаж буй Дэлхийн аварга М.Карлсентай халз тулалдах эрхийн төлөө Дэлхийн цом болон Том цомын тэмцээнээс шалгарсан В.Крамник (ОХУ,2787), Д.Андрейкин (ОХУ, 2709), болон В.Топалов (Болгар, 2785), Ш.Мамедъяров (Азербайжан, 2757), чансааны үзүүлэлтээр Л.Аронян (Армен 2830), дэлхийн аварга асан В.Ананд (Энэтхэг, 2770), зохион байгуулагч орны тамирчин П.Свидлер (ОХУ, 2758) нар хоёр тойрог тоглож эхлэв. Эхний гурван тавилын дараа В.Ананд 2.5, В.Крамник, П.Свидлер хоёр 2, Л.Аронян, В.Топалов нар 1.5, Д.Андрейкин, С.Карякин 1, Ш.Мамедъяров 0.5 оноотой явж байна. В.Ананд энэ тэмцээний түрүү магнайн тааварт байгаа Л.Ароняныг ялж “хуучин бууны хугархай” гэдгээ харуулсан өргийн бичлэгийг сонирхоно уу.
.jpg)