Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын үйлдвэрчний эвлэл (МҮЭ)-ийн ерөнхийлөгч М.Амгаланбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, төмөр замчдын ҮЭ-ийн холбооны дарга Х.Эрдэнэ нарыг хүлээн авч уулзав. Төрийн тэргүүний дэвшүүлсэн “Том төр өөс ухаалаг төр лүү” санаачилгыг МҮЭ дэмжиж буйг тус холбооны ерөнхийлөгч М.Амгаланбаатар илэрхийлээд, тодорхой саналууд гаргаснаа Ерөнхийлөгчид өргөн барив.
Тэрбээр МҮЭ-ийн зүгээс төрийн үйлчилгээг иргэдэд хүнд суртал багатай хүргэх нь хамгийн чухал гэж онцолсон. Тиймээс сонгуулийн дараа төрийн албаны бүтцийг өөрчилж, халж сольдог байдлыг цэгцлэх, зохион байгуулалтыг нь оновчтой болгох, эдийн засгийн өсөлтийг ард түмний аж амьдралд шингээх, монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, хүн амын нийгмийн хамгааллыг сайжруулах, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхдээ зөвхөн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг өсгөхөөс гадна ажиллагчдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, Хөдөлмөрийн болон Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийг боловсронгуй болгох зэрэг саналыг МҮЭ-ээс уламжиллаа.
Энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын хамгийн олон гишүүнтэй, хамгийн ажил хэрэгч байгууллага “Том төрөөс ухаалаг төр лүү” санаачилгыг дэмжиж, хамтарч ажиллах санал дэвшүүлсэнд талархаж буйгаа илэрхийлээд “Төрийн албаны нэгдмэл стандарт гаргаж, төрийн үйлчилгээ гэж чухам юу болох, хэдэн төрлийн үйлчилгээ иргэдэд үзүүлж байна гэдгийг бүртгэе. Нэгдсэн программд оруулъя. Аль ч суманд иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээ ижил байх ёстой. Ухаалаг төртэй болох асуудал нь зөвхөн төрийн байгууллагатай холбоотой биш. Хувийн хэвшил, нийт аж ахуйн нэгж, хүн ажиллуулдаг газар бүхэнтэй холбоотой юм. Улс орон даяар ижил төрлийн бизнес, үйл ажиллагаанд нэгдсэн стандарт барьдаг, авах үйлчилгээ нь ч ойлгомжтой байдлаар зохион байгуулна” гэлээ.
Мөн энэ өдөр Төрийн тэргүүн Монголын бурхан шашинтны төвийн тэргүүн, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, гавьж Д.Чойжамцыг хүлээн авч уулзав. Тэргүүн хамба Д.Чойжамц “Ухаалаг төрийн бодлого дотор иргэдээ чадвартай, ёс зүйтэй, бүтээлч, санаачилгатай болгоход дэмжлэг үзүүлнэ гэсэн зарчим бий. Үүнийг Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчэнлин хийд, шашин номынхон, лам хувраг, сүм хийдүүд бүгдээрээ дэмжиж хүлээж авсан.
Хамгийн шилдэг шинэчлэл бол хамгийн сайн уламжлал байдаг. Хамгийн аугаа нууц хамгийн эгэл зүйлд байдаг гэсэн томъёоллоор танд өргөх бичгийнхээ санааг илэрхийллээ. Бурхны шашинд “савыг бэлтгэх” гэдэг том ажил байдаг. Аливаа зүйлийг хүлээж авах чадварыг “сав” гэдэг. Ард түмний савыг бэлтгэх, зөв сайхан зүйлийг үнэн зөвөөр хүлээж авч, түүнд тэмүүлдэг уран чадварыг тогтоох нь чухал юм. Бие, хэл, сэтгэлээ тусгаар тогтносон Монгол Улс гэсэн саванд багтаагаад, түүний дор хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгмийг тогтоож байгаа. Үүнийг тогтооход бүлээн дулаан, эв зохицолтой сайхан гэр бүл хэрэгтэй.
Бүлээн дулаан, эв зохицолтой гэр бүлийг тогтооход хүмүүжилтэй, боловсролтой, ёс зүйтэй монгол иргэн чухал. Хүн гэдэг ойлголт бие, хэл, сэтгэл гурваас гардаг. Биеийн төгөлдөршил бас чухал. Монгол хүн Азидаа хамгийн тэгш сайхан бие бялдартай хүн байж болох төлөв харагддаг. Санал дотроо үүнийг хөгжүүлэхэд анхаарал тавилаа. Хоёрдугаарт, хэл ярианы хөгжил, төлөвшил чухал. Ямар үг хүнээс гарна, тийм үг л хүнд буцаж ирдэг. Муухай үгэнд сайхан хариу ирэхгүй. Монгол хэлээрээ зөв, яруу сайхан ярьж сурах хэрэгтэй. Сэтгэлийн хувьд аргын тал болох хүмүүжил, билгийн тал буюу мэдлэг боловсрол чухал. Байгаль дэлхийгээ, эх орноо хайрлах, аав ээж, хань, нөхөдтэйгээ эв зохицолтой амьдрах, үр хүүхдээ асрах тал дээр Монголын уламжлалт зан заншил, соёлуудыг суулгаж өгөх нь чухал. Хүний хүмүүнлэг, ёс зүйтэй байдлыг боловсрол бүрэн тодорхойлж чадахгүй байна. Хэдий их эрдэм боловсролтой ч бусармаг үйл хийдэг хүмүүс байна. Тиймээс уламжлалт аргын тал болох эх орноо хайрладаг, нигүүлсдэг, энэрдэг, уучилдаг, өршөөдөг талыг саналдаа тусгалаа. Орчин үеийн боловсрол, уламжлалт өв суртахууныг иргэддээ хослуулж суулгах хэрэгтэй” хэмээн саналаа илэрхийлсэн юм.
Б.НОМИН