Нийслэлийн Хан-Уул дүүргийн XI хорооны иргэн, 34 настай Х гэдэг залуу цоохор ирвэсийн арьс зарах гэж яваад баригджээ. Энэ хэргийг тус дүүргийн Цагдаагийн I хэлтсийн ажилтнууд илрүүлэн шалгаж байна.
Монголд төдийгүй дэлхийд устаж буй энэ амьтныг хулгайгаар агнаж, арьсыг нь өндөр үнээр зарах гэсэн эл хэргийг иргэдийн мэдээллээр илрүүлсэн аж. Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдийг илрүүлсэн, илрүүлэхэд тусалсан, түүний тухай мэдээлэл өгсөн иргэнийг уг мэдээлэл нь батлагдсан тохиолдолд зөрчил гаргагчид ногдуулсан торгууль, нөхөн төлбөрийн 15 хувьтай тэнцэх мөнгөн шагналаар шагнадаг. Уг шагналыг сум, дүүргийн Засаг дарга олгодог юм.
Манай улс 1972 онд цоохор ирвэсийг “Улаан ном”-д, 1997 онд нэн ховор амьтны жагсаалтад оруулсан. Дэлхийд устах аюул нүүрлэсэн амьтдын жагсаалтад багтсан энэ амьтан манай улсад 1000 орчим үлджээ.