“УИХ-ын гишүүнээр Монгол Улсын 25 нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гэсэн. Үндсэн хуулийн гуравдугаар бүлгийн 21.3 дахь заалтын дагуу УИХ-ын зургаан ч сонгуулийг зохион байгуулаад байна. Гэвч 25 хүрсэн залуус УИХ-д нэр дэвших насанд хүрлээ хэмээн бодож явсан цаг удахг үй улирч мэдэхээр болов. УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулах Ажлын хэсгийнхэн УИХ-д нэр дэвших насны босгыг 40 болгон нэмэхээр ярьж буй юм.
УИХ тэдний энэ саналыг хүлээн авбал амбийцтай олон залуугийн мөрөөдөл, төлөвлөгөө нурна гэсэн үг. 2012 оны УИХ-ын сонгуульд 544 хүн нэр дэвшсэний дотор 1980-аад оныхон цөөнгүй байсан. Тэдний хамгийн залуу нь ИЗНН-аас жагсаалтаар нэр дэвшсэн Х.Цэндсүрэн хэмээх 26 настай бүсгүй байсан юм. Хэрэв 40-өөс дээш насныхан нэр дэвших тухай одоо ярьж буй санал 2012 онд үйлчилсэн бол ИЗНН-аас жагсаалтаар сойсон 28 хүний долоо, тойрогт өрсөлдүүлсэн 45 хүний тав нь насаар тэнцэхгүй болох байжээ. МАХН-ын нэр дэвшигчдээс л гэхэд 10 хүн хасагдах байв.
МӨНГӨӨР “ЗОДОГЧИД” БУЮУ АЮУЛЫН ХАРАНГА
Нэр дэвших насны босгыг ийнхүү өндөрсгөх болсон нь биеэ ч олигтойхон аваад явж чадахгүй “нусгай” бацаанууд баян аав, ээжийнхээ буянаар “мөнгөөр зодон” хууль тогтоох байгууллагад орох нь нэмэгдсэнээс үүдэлтэй. Ялангуяа энэ УИХ-ын бүрэлдэхүүнд О.Содбилэг, Н.Номтойбаяр гээд баячуудын өв залгамжлагчид цөөнгүй орж ирсэн. Хууль тогтоох үйлсэд олигтойхон санаа нэмэхээсээ илүү дөрвөн жилийн турш тэд хууль хэрхэн боловсруулахыг харж, сонсох дамжаанд суугаад л төгсөнө. Мөрөөрөө дамжаанд суугаад төгсөж байвал ч бас яая гэх вэ. Гэтэл туршлагагүй, онгиргон залуус УИХ хэмээх өндөр босготой байгууллагын нэр хүндийг ард түмний дунд өргөх биш, унагахад хувь нэмрээ оруулах нь их байна. Н.Номтойбаяр гишүүний тухайд “хутгатай гишүүн” хочтой болоод авсан. Хууль тогтоогч хүн бусдадаа үлгэр үзүүлэх бичигдээгүй үүрэг хүлээнэ. Гэвч мань эр зодоон хийж, хэвлэлээр буруугаа бичүүлсээр гурав дахь жилтэйгээ золгож байгаа юм. Ажлын хэсгийн ахлагч Л.Цог “Дөч хүрсэн эр, дөрөө дарсан ат гэж үг бий. Амьдралын туршлагатай, сайн мууг ялгах насны хүн төрийн эрх барих дээд байгууллагад ажиллах ёстой. Ялангуяа, бэл бэлчинтэй хүмүүсийн үр хүүхдүүд мөнгөний хүчээр УИХ-д орж ирдэг хандлага их байна. Энэ бол маш аюултай алхам” хэмээн ийм өөрчлөлт хийх болсноо тайлбарласан байна лээ. Ажлын хэсэгт УИХ-д суудалтай болон суудалгүй намууд, судлаачдын төлөөлөл багтсан. Тэд санал нэгтэйгээр ийм заалт оруулах гэж буй бололтой. Мөнгөөр “зодож” УИХ-д сонгогдоно, хууль батална, хэрэгжүүлнэ. Ингээд эхэлбэл улс орон мөхөх ч аюултай учраас зогсоох ёстой гэж үзжээ.
25 НАСТАЙДАА УЛС ТӨРИЙН АМЬДРАЛАА ЭХЛҮҮЛСЭН ТҮШЭЭД
Ардчилсан хувьсгалыг 20 гаруйхан насны залуус хийж, төрийн жолоог гартаа атгаж явсан нь 1990-ээд он. Тэр хорь гаруй настнууд одоо улсын Ерөнхийлөгч, хууль тогтоогчид, туршлагатай улстөрч болчихоод явж байгаа. Мэдээж зөвхөн залуус үүнийг хийсэн гэж туйлшрахгүй ч тэдний үүрэг энд жинхэнэ утгаар байсан. АИХ-ын 430 депутатын хамгийн залуу нь 23 настай С.Баярцогт байлаа. Тэр эдүгээ манай туршлагатай улстөрчдийн нэг болсон. Гэхдээ тэр үед цаг өөр байсан. Тэр үеийн залуус ардчилсан хувьсгалыг мөнгөөр “зодож”, хувийн жижиг эрх ашгийнхаа төлөө хийгээгүй. Чин сэтгэлээр, эх орныхоо сайн сайхны төлөө зүтгэж, шударга тэмцэл хийсэн учраас л олон жил төр барьсан намынхан бууж өгсөн нь мэдээж. Одоо Монгол Улс шилжилтийн үеэ дуусгаж байна. Эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх залуус цөөрч, амбийц, албан тушаал хөөж, намын хаяа бараадсан, бүхнийг мөнгөөр шийдчих гэсэн хүсэлтэй нь олон болжээ. Тиймээс л 20-иод насандаа улс төрд хөл тавьж байсан одоогийн гишүүд босгосон төрөө нуран унахаас нь өмнө хамгаалах оролдлогоо хийж буй нь энэ бололтой.
ӨӨРЧЛӨЛТИЙГ УИХ ДЭМЖИХ ҮҮ
Энэ УИХ-ын 76 гишүүнээс МАХН-ын О.Баасанхүү, МАН-ын О.Содбилэг, Н.Номтойбаяр нар 30 гаруй настай. Хэрэв УИХ дээрх саналыг дэмжин баталбал дараагийн сонгуульд хүч үзэхэд тэд балчирдана. Гэхдээ тэд 40-өөс доош насандаа нэр дэвшин сонгогдсон сүүлчийн гишүүд болж түүхэн үлдэнэ. Аливаа улс төрийн нам залуучуудын байгууллагаараа дамжин дараагийн үеийн улстөрчдөө бэлтгэдэг. 2016 оны сонгуульд хүч үзэхээр бие, сэтгэлээ бэлтгэж, мэдлэг чадвараа дээшлүүлж буй залуусын хувьд энэ таагүй шийдвэр байх нь мэдээж. Хэтэвчээ зузаалж байснуудынх нь хувьд бүр уйлах ч багадах биз. Учир нь гараа сунгах төдийд хүрчих гээд байсан УИХ-ын гишүүний албан тушаал 10-15 жилээр алсарч одно шүү дээ. Тиймээс тэдний зүгээс багагүй эсэргүүцэл дуулдаж мэднэ. Биеэ засаад гэрээ, гэрээ засаад төрөө зас гэж монголчууд дэмий ч нэг сургаагүй байх. Тэгэхээр амьдралын ч, ажлын ч туршлага сууж, үзэл бодол нь тэгширсэн 40 насныхныг УИХ-д нэр дэвшүүлэхэд буруудах зүйлгүй мэт.
Харин Ажлын хэсгийн дээрх саналыг УИХ дэмжих болов уу. Үндсэн хуулийг өөрчлөх тухай сүүлийн гурван ч УИХ дамжуулан ярьж буй ч батлах зориг гаргасан нь үгүй. Ажлын хэсгийн ахлагч Л.Цог энэ талаар “Эр зориг байх хэрэгтэй. Өнөөгийн УИХ-д иргэний хөдөлгөөн, хуульч гээд бүх салбарын төлөөлөл бий. Энэ үед л Үндсэн хуулиа засах хэрэгтэй. Маш сайн тохироо, алтан боломж тохиож байна” хэмээн итгэл тээжээ. Үндсэн хуульд оруулах гэж буй нэг л өөрчлөлтийг энд хөндлөө. Өөр олон чухал асуудал бий учраас хэлэлцэн батлахад үнэхээр эр зориг шаардах биз ээ. Учир нь энэ бол тодорхой хүмүүс албан тушаал, түүнийг дагалддаг эрх ямбанаасаа сална гэсэн үг. Олон өнгөтэй УИХ-аас түүхэн шийдвэр гаргах эр зориг харин гарах болов уу.