Хойд хөршид болж буй шатрын дэлхийн аваргатай халз тоглох өрсөлдөгчийг шалгаруулах тэмцээний нэгдүгээр тойрог өндөрлөлөө. Долдугаар тавилд Армений Левон Аронян Сергей Карякиныг хараар тоглон хожсоноор тэмцээнийг гараанаас эхлэн хошуучилсан Виши Анандыг гүйцэж, тэд адилхан 4.5 оноотой эхний хагасыг өндөрлүүлсэн юм.
Дэлхийн аварга Магнус Карслен “FIDE World Candidates Tournament”-ийг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд тэмцээний хоёр дахь өдөр менежерийнхээ хамтаар Ханты-Мансийскт зочилжээ. Үүний дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулахадаа экс дэлхийн аварга Виши Анандыг сайн тоглож буйг онцлоод түүний дэлхийн чансааны №2 Ароняныг хожсон өргийг үзээд биширснээ нуусангүй.
Мөн Карлсен “Түүний Мамедьяров, Андрейкин нарын эсрэг хийсэн тоглолт ч сонирхол татсан. Виши хараар тоглохдоо ч гэсэн өрсөлдөгчөөсөө илүү байрлал авч байна. Даанч нэг бус тоглолтод давуу байдлаа алдаж тэнцээ болгосонд өмнөөс нь харамсаж байна” гэж ярьжээ.
Тэмцээний найм дахь тавил буюу хоёрдугаар тойргийн эхний тоглолтод тэргүүлэгч Ананд-Аронян нар эвийн гэрээ байгуулсан бол араас нь хагас оноо дутуу нэхэж буй Крамник Андрейкинтай тэнцэж, бүтэн онооны дутуу явсан Свидлер хамгийн сүүлд бичигдэж байсан Сергей Карякинд хожигджээ.

А.ЭРДЭНЭБОЛД