
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ф.Мезенцев Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар манай улсад айлчилж байна. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Шадар сайд Д.Тэрбишдагва болон УИХ-ын зарим гишүүн, Гадаад харилцаа, Зам, тээврийн сайдтай уулзаж тулгамдсан асуудлаар ярилцжээ. Тэрбээр өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа “ажил, мэргэжил нэгт нөхдийнхөө амрыг эрье” гэж хэлсэн нь нэгэн цагт Ленинград (хуучин нэрээр) хотын гүйцэтгэх захиргааны мэдээллийн төвийн дарга, Санкт-Петербург хотын захирагчийн хэвлэл, мэдээллийн хорооны дарга, ОХУ-ын Хэвлэлийн хорооны орлогч дарга зэрэг алба хашиж явсан төдийгүй бие хүний улс төрийн үзэл бодол төлөвшихөд олон нийтийн мэдээллийн хэрэгслийн үзүүлэх нөлөөний тухай сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан юм байна.
Д.Ф.Мезенцев Монгол Улсын төрийн холбогдох албаны хүмүүс улс орныхоо өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй тодорхой мэдээлэл өгсөнд талархаж буйгаа сэтгүүлчдээр дамжуулан уламжлав. Мөн Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ажиглагч статустай анхны орон болохыг, тус байгууллагын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын болон сайд нарын хэмжээний уулзалтад оролцсоор ирсэнийг тэмдэглэлээ. Монгол Улс тус байгууллагад ажиглагч эрхтэй болсны 10 жилийн ой энэ онд тохиож буй аж. Тэгвэл Шанхайн хамтын ажиллагааны байгууллага үүсэн бий болоод 13 жил болж байгаа юм байна.
Дашрамд хэлэхэд, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад Энэтхэг, Афганистан, Иран, Пакистан улс бас ажиглагчийн статустай байдаг аж. Тус байгууллага цаашид НҮБ, ТУХН, АСЕАН зэрэг олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллахаар төлөвлөж буй б өгөөд энэ намар болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганы үеэр түүнд ажиглагчийн статустай болох гэж байгаа гэнэ. Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагатай хамтарч ажиллах маш өргөн боломж бий. Хамтын ажиллагаа их ч үр өгөөжтэй байх болно гэж үзэж буйгаа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа онцлов. Монгол Улс олон талаар өвөрмөц онцлогтой учраас Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, түүний үйл ажиллагаанд өөрийн гэсэн өнгө зүсийг бий болгоход бид баяртай байх болно гэж хэллээ.
Манай талаас түүнтэй уулзсан өндөр албаны хүмүүс ойрын жилүүдэд улс орондоо хэрэгжүүлэх дэд бүтэц, эрчим хүчний төслүүдийн талаар өгсөн танилцуулгыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хувьд маш чухал мэдээлэл гэж үнэлж байв. Энд дуулснаа байгууллагынхаа удирдлагад танилцуулна. Гишүүн орнуудынхаа нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх эдийн засгийн хөгжлийн хөтөлбөрөө бид 2007 онд баталсан. Энэ хөтөлбөрт хамтарч оролцох боломж гишүүн бус орнуудын хувьд хязгаарлагдмал. Гэлээ ч Монгол Улсын байр суурь, эрмэлзлийг харгалзан үзнэ гэж тэрбээр амлалаа.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллага Украины эргэн тойрны асуудалд хэрхэн хандаж, Крымд ОХУ-ын явуулж буй үйл ажиллагааг юу гэж үнэлж буйг нь ОХУ тус байгууллагын гишүүн орон болохтой нь холбож асуухад Д.Ф.Мезенцев “Манай байгууллагын хандлага олон улсын дүрэм журмын дагуу байгаа. Уг асуудлаар бид тусгайлан мэдэгдэл гаргахгүй. Украин чинь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн биш төдийгүй, ажиглагчийн статус ч үгүй, хамтын ажиллагааны түнш ч биш улс” гэсэн хариулт өгөв.
Р.ЖАРГАЛАНТ