Дэррил Миддлтон гэх нэрийг Евролиг сонирхдог хүмүүс мэр сэр гадарлах байх. Тэрбээр сагсан бөмбөгийн эх орон Америкт төрж өссөн, мөн насаараа энэ спортын тамирчин байсан ч NBA-д тоглох аз дутжээ. 1988 оны драфтын гуравдугаар бүсийн ¹68-аар “Атланта Хоукс” багт очсон ч талбайд гарах боломж огт гараагүй. Тиймээс дараа жил нь буурал тивийг зорьж, Туркийн лигт хүч үзэх болжээ. Үүнээс хойш 25 жилийн хугацаанд таван улсын 15 багт зүтгэж байна. Түүнийг Евролигт хамгийн өндөр амжилт үзүүлсэн тоглогчдын тоонд зүй ёсоор оруулдаг.
Миддлтон Испанийн лигийн үнэ цэнэтэй тоглогчоор гурван удаа (1992-93, 2000) тодорч, Испанийн аваргаар хоёр (1995-96) шалгарч байв. Түүнчлэн Грекийн алдарт “Панатинаикос”-ын хамт лигийн аваргаар дөрөв (2001, 2003- 05), цомын тэмцээнд хоёр удаа (2003, 2005) түрүүлжээ.
Мөн 2001- 02 оны улиралд Евролигийн аварга болсон удаатай. Өдгөө 47 нас хүрсэн Миддлтон өнгөрсөн онд Испанийн дөрөвдүгээр дивизионд хүч сорьдог “CB Бенидорм”-той гэрээ байгуулсан юм. Ихэнх сагсчид зодог тайлсныхаа дараа дампуурал зарладаг. Ялангуяа NBA-д нэгэн цагт гялалзаж, дээд хэмжээний цалин авч, сая, саяаар нь үрдэг тоглогчид ийм хувь тавилантай учирсан нь цөөнгүй бий. Харин Миддлтоны хувьд энэ асуудлыг хялбархан шийдэж чадсан юм. Европд ирснээр тэр хоол хийх дуртай болжээ. Эцэстээ энэ нь түүний хобби болон хувирч, зав л гарвал гал зуухын өрөөнд өнжих болов. Хэдэн жилийн өмнө Испанийн Аликанте хотод дээд зэрэглэлийн рестораны хувьцаа эзэмшигч болсон төдийгүй, нэртэй мастер тогооч болжээ. Энэ талаар нэгэн сэтгүүлчид “Би хэзээ ч тогооч болно гэж бодож байгаагүй. Гэхдээ хүнд хобби байх хэрэгтэй шүү дээ” хэмээн өгүүлжээ. Мөн цааш нь “Одоо өдөрт 10 цаг хоол хийх болсон.
Үйчлүүлэгчид маань биднийг зорьж ирээд, сэтгэгдэл дүүрэн харихыг харах их сайхан байдаг” хэмээн ярьсан байна. Түүнийг мөн NBA-гийн шилдэг төвийн тоглогч Марк Газолийн багш гэж хэлж болно. Испанийн “Гирона”- д данстай явахад нь дүү Газоль тус багт шинэ тоглогчоор иржээ. Тухайн үеийн талаар Дэррил “Тэр анх илүүдэл жин нь хэтэрсэн хүүхэд байсан” хэмээн хошигносон байдаг. Багийн дасгалжуулагч ахмад эрд Газолийг хөгжүүлэх үүрэг өгснөөр хамтдаа олон цагийг өнгөрүүлэх болжээ. “Би залуу тоглогчдыг хөгжүүлэх дуртай. Марк бол тэдгээр залуусын нэг. Одоо тэр NBA-гийн шилдэг төвүүдийн нэг болсон. Үүнд би их баяртай явдаг” хэмээн америк эр өгүүлж сууна.
Э.ТЭМҮҮЛЭН