Засгийн эрхийг барьж буй АН бол гишүүдийнхээ тодорхойлдгоор “олон өнгөтэй нам”. Тийм ч учраас үе үе “солонгорч”, дотроо тэмцэл үүсгээд амждаг гэмтэй. 2012 оны сонгуулиас хойш ч байсхийгээд л фракцуудынх нь албан тушаалын синдром сэдэрч, шинэчлэлийн Засгийн газраа онилох болсон.
УИХ-ын чуулган завсарлаж, улс төрийнхөн амарч байх энэ зуур АН дотор ээлжит хагарал эхэлжээ. Шинэчлэлийн Засгийн газрыг бүрдүүлэхдээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг намынхаа бүх фракцад сайдын суудал оноосон. Ингэж байж шинэчлэлийн Засгийн газрын ирээдүй баталгаажих байв. Манай улс төрд нэгэнт үзэгдэл болчихсон “бялуу” хуваах энгийн зарчим түүний Засгийн газрын хувьд оршин тогтнох нэг үндэс нь болж буй юм.
Н.АЛТАНХУЯГТ БАРЬСАН “БЭЛЭГ”
Шинэчлэлийн Засгийн газар найман сартай байхдаа анхныхаа огцруулах бичгийг хүлээн авав. Гэхдээ санаачлагч нь МАН буюу сөрөг хүчин байлаа. Тэд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тогтоолын төслийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард өргөн барьсан. Арванхоёрдугаар сард нь Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар ийм бичиг хүлээж авах нь тэр. Үүнийг Ерөнхий сайд ердөө л “гэнэтийн бэлэг” хэмээн хүлээн авсан. Тухай бүрт нь УИХ дахь олонх “Огцруулах шаардлагагүй” гэсэн шийдвэр гаргаж, тэднийг хамгаалж авч үлдсэн билээ. Улс орны эдийн засгийн байдлыг өмнөхөөс муутгасан, үүнд тохирсон арга хэмжээ аваагүй гэсэн ерөнхий үндэслэлийг МАН дэвшүүлж байв. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнийг болон эдийн засагтай холбоотой сайд нарыг огцруулах асуудлыг УИХ өнгөрсөн хугацаанд хоёр удаа ингэж албан ёсоор хэлэлцсэн байна. Харин иймэрхүү санаачилга дэвшүүлсэн, албан бус аян хэвлэлээр үе үе өрнөдөг. Үүнийг нь харин АН дотроос голдуу санаачилсан байдаг аж.
АЛБАН ТУШААЛ НЬ ОРШИХ БАТАЛГАА БОЛОХГҮЙ
Янз бүрийн үзэл бодолтой, өндөрт тэмүүлэх тус тусын амбийцтай фракцууд хэмээх олон үхрийн эврийг албан тушаал гэдэг нэгэн шуудайд хийснээр цэгцэлчихнэ хэмээн эндүүрснээ АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн хоёр жилд ойлгосон байх. Өөрсдийг нь үе үе хэвлэлээр дамжуулан “огцруулж”, орных нь сайд нарыг “томилдог” болсонд эсвэл дасаж орхисон уу. АН дотор гол удирдах албан тушаалаа “Алтангадас” фракцынхан хашдаг. Нэг хэсэг хүч нь багахан суларсан ч энерциэ алдаагүй яваа уг фракцтай МоАХ байр булаалдан орших болсон. “Шонхор”, “Нэг ардчилал”, “Зүүн хойд Ази”, МҮДН зэрэг гол фракц бий ч “Алтангадас”, МоАХ хоёрын дунд АН-ын гол тэмцэл өрнөдөг. Шинэчлэлийн Засгийн газарт МоАХ-г төлөөлөн тус фракцын тэргүүн Х.Баттулга ажилладаг. Гэхдээ дараагийн Ерөнхий сайдыг хэвлэлээр тодруулахад л түүний нэр гарч ирээд байдаг нь энэ “аяны” ард Х.Баттулга буюу МоАХ байгааг батлаад байдаг юм.
“Шүд сугалах” ээлжит аяны эхний бай нь Уул уурхайн сайд Д.Ганхуяг болов. Түүнийг огцруулах шалтгааны талаар хэвлэлээр эдүгээ бичиж буй. Уул уурхайн сайд болсноосоо хойш анх удаа ийм “дохио” хүлээн авч буй учраас Д.Ганхуяг сайд сандарч буй сурагтай. “Хэргийн эзэн”-ийг олж, хариуцлага тооцох гээд хөөцөлдөж яваа яриа ч сонсогдов. Дараагийн бай нь Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болвол гайхах хүн цөөн байх. Ийм аян өрнөж эхлэх бүрт АН-ынхан гаднаа тайван мэт харагддаг ч сүх далайтал үхэр амар гэдгийн жишгээр сууж төвддөггүй бололтой. Санаачлагчийг хайх “кампанит ажлыг” дотооддоо өрнүүлдэг гэнэ. Тэгэхгүй бол нам доторх эсэрг үүцэгчид нь сөрөг хүчинтэй нийлчихвэл байдал яаж ч эвгүйдэж мэднэ. Засгийн газраа ганхаах санаачилга өрнүүлэгчид баригддаг уу, баригдаад тохиролцоонд хүрээд намждаг уу гэдгийг ёстой л намын тогоондоо шийддэг биз.
Юутай ч Засгийн газрыг цаасан дээр огцруулж, дараагийн сайдыг томилдог ажиллагаа тэгсхийгээд замхраад байдгийг бодоход АН-ын удирдлага “сөрсөн базаа”-гаа гайгүй сайн хийгээд байдаг бололтой. Энэ мэтээр том зорилго дороо нэгдэж чадахгүй, жижиг амбийц хөөсөн фракцуудынхаа ая занг олж, эхийг нь эцээхг үй, тугалыг нь тураахг үй явах гэж АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг багагүй зүдэрдэг биз ээ. Тогоон дотроо өрнөж буй хагарал, тэмцлийг халиахгүй дарж чадахгүй бол намын даргын албан тушаалд удахгүй гэдгээ ч тэр бас тооцох учиртай.