
Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хуралдаж, УИХ-ын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг нь ээлжит чуулган завсарлахын өмнө дараагийн чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг батлах ёстой ч энэ удаа тэр дэгийг биелүүлээгүй. Тиймээс тус байнгын хороо хууль санаачлагчдаас урьдчилан саналыг нь авч тогтоолын төсөл боловсруулжээ. Үүнд нийт 250 хууль, тогтоолын төслийн санал ирүүлжээ. Дээрх төслийг боловсруулахдаа өргөн мэдүүлээгүй боловч хуулиар хэлэлцэх хугацаа заасан, өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс холбогдох Байнгын хороод нь эхний ээлжинд хэлэлцүүлэхээр санал болгосон төслүүдийг нэр зааж тусгасан байна.
Мөн тогтоолд зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийг ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахдаа Байнгын хороодын саналыг үндэслэн УИХ-ын дарга шийдвэрлэж байх нь зүйтэй гэсэн зарчим баримталсан гэдгээ Байнгын хорооны дарга А.Бакей танилцуулсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Цог Өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудалд оруулах зарчмын зөрүүтэй санал гаргасныг гишүүдийн олонх дэмжив. Тогтоолын төслийг дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтсон юм. Тогтоолын төслийг хаврын ээлжит чуулганы эхэнд хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж.
Дашрамд дурдахад, УИХ-д өргөн мэдүүлсэн нийт 85 хууль, тогтоолын төсөл байгаагаас хэлэлцүүлгийн шатанд нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцсэн 30, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх эсэхийг шийдсэн болон хэлэлцэж эхлээгүй 55 төсөл байгаа юм байна.
УИХ-ын 2014 оны хаврын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр тогтоолын төсөлд тусгажээ. Үүнд:
1. Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Засгийн газрын 2013 оны санхүүгийн нэгдсэн тайлан;
2. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016- 2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
3. Эдийн засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл;
4. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл
5. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт;
6. Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалт батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл;
7. Газрын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга
8. Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл;
9. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
10. Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл;
11. Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
12. Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл;
13. Мөрдөх албаны тухай хуулийн төсөл;
14. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
15. Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;
16. Галт зэвсгийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга
17. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга
18. Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төсөл;
19. Шилэн дансны тухай хуулийн төсөл;
20. Авто замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл;
21. Худалдааны тухай хуулийн төсөл;
22. Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
23. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд;
24. Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл;
25. Бусад.