.jpg)
Хойд хөршийн Ханты-Мансийск хотноо болж буй “FIDE World Candidates Tournament” тэмцээний ялагчаар Энэтхэгийн их мастер Вишиванатан Ананд тодорлоо. Гараанаас эхлэн хошуучилсан экс-дэлхийн аварга гурав хожиж, арав тэнцсэн амжилтаар нэг өргийн өмнө аваргалах болзлоо хангасан юм.
Тэмцээний 11-р тавилд бүх тоглолт тэнцээгээр өндөрлөсөн нь арын өрсөлдөгчөөсөө бүтэн онооны илүү явсан Анандад ашигтай байлаа. Гэхдээ Виши энэ тойрогт хоёр дараалан хожигдсон Крамникийн эсрэг хараар тоглох хуваарьтай байв. Зөвхөн хожил хэрэгтэй байсан Оросын шатарч өөрийн дуртай каталон гарааг сонгосон нь Анандыг бага зэрэг барьц алдахад хүргэв. Ер нь өндөр түвшний өрсөлдөөнд арван тохиолдлын есөд нь цагаанаар наадагч санаачлагыг авдаг бичигдээгүй хуультай. Энэ жишгээр Крамник гараан дээр илүүрхсэн ч өрсөлдөгч нь хүү шидэн байрлалаа сайжруулж, тэнцээнд хүрсэн юм.
Маргааш нь сүүл мушгиж явсан Топалов 2014 оны Оросын аварга Свидлерийг хожсоныг эс тооцвол бусад өргүүд мөн л тэнцээгээр өндөрлөсөн тул хүснэгтийн байрлалд төдийлэн өөрчлөлт орсонгүй. Энэ өдөр Андрейкинтай хараар тоглох байсан Ананд өглөөний хоолон дээр нэлээд албан ёсны хувцаслаж цагаан цамц, хар брюктэй орж ирсэн нь сонирхол татсан. Зарим мэргэжилтнүүд үүнийг тоглолтдоо төвлөрч буйтай холбон тайлбарлаж байв. Үнэхээр ч Энэтхэгийн шатарч Каро-Канны хамгаалалтыг сонгосон энэ өрөгт давуу байдал авсан юм. Гэвч хожил авахад ойрхон байхад Ананд эрсдэлээс зайлсхийж, нүүдлээ давтсанаар тэнцлээ. Энэ тойргийн МамедьяровКарякин нарын өрөг сонирхолтой өрнөж, Оросын их мастер цагт оров. Гэхдээ тэр 30 секундэд багтаан 10 нүүдэл хийх даалгавраа амжилттай биелүүлж, төгсгөлд өрсөлдөгчийнхөө хүүг булаасан ч хожиж чадсангүй.
Тэмцээний 13-р тойрогт Карякин Анандтай цагаанаар тоглосон. Хэрвээ энэ тавилд Сергей хожсон тохиолдолд түрүүлэх ч боломжтой байсан юм. Түүний дасгалжуулагчдын штабыг 2008-12 онд Вишитэй хамтран ажиллаж байсан, түүний гарааны нууцыг гадарлах дэлхийн аварга асан Рустам Касымжанов (Узбекистан) толгойлж байсан нь Карякинд давуу талтай байлаа. Ананд ч ХантыМансийскт Топалов, Аронян, Крамник нарын эсрэг ашигласан аргаараа гараан дээр хүү шидэж санаачлагыг авав. Тоглолт ийн үргэлжилсээр талууд төгсгөлд ойролцоо байдалтай болсон ч хэрэгтэй тэнцээгээ авахад Анандад нэг ээлж дутаад байлаа. Хүүний илүүтэй цагаан төгсгөлд давуу болсон ч Карякин алдаа гаргаснаар хожлоо алдсан юм.
Ийнхүү сүүлчийн өргийн дүнгээс үл хамааран Энэтхэгийн их мастер Вишиванатан Ананд өрсөлдөгчдийн тэмцээнд түрүүлж, арваннэгдүгээр сард Магнус Карслентай дэлхийн аварга цолын төлөө халз тоглох эрхийг авлаа. Ноднин нутгийн дэвжээн дээрээ норвеги залууд олигтой эсэргүүцэл үзүүлж чадалгүй аваргын титмээ алдсан Ананд энэ удаа “даагаа нэхэж” чадах болов уу?
XI тавил. Андрейкин-Мамедьяров 0.5:0.5, Топалов-Карякин 0.5:0.5, Свидлер-Аронян 0.5:0.5, КрамникАнанд 0.5:0.5
XII тавил. Ананд-Андрейкин 0.5:0.5, Мамедьяров-Карякин 0.5:0.5, Топалов-Свидлер 1:0, Аронян-Крамник 0.5:0.5
XIII тавил. Андрейкин-Аронян 1:0, Карякин-Ананд 0.5:0.5, СвидлерМамедьяров 0.5:0.5, Крамник-Топалов 1:0
.jpg)
А.ЭРДЭНЭБОЛД