Холливудын нэртэй жүжигчид кинонд дүр бүтээхийн тулд спортын төрлөөр хичээллэх нь цөөнгүй. Хамгийн тод жишээ бол алдарт жүжигчин Роберт Де Ниро 1980 онд боксчин Жейк Ламоттагийн дүрийг бүтээхийн тулд боксоор хичээллэж, чамгүй жин нэмсэн түүхтэй. Залуудаа хулигаан байсан Де Нирод тулааны урлагийн тамирчны дүр бүтээх нь хялбар байсан гэдэг. Ингээд уншигчиддаа нэртэй жүжигчид кинонд тоглохын тулд спортоор хичээллэж байсан 8 тохиолдлыг сонирхуулья.
Эли Рот “Inglourious Basterds”
“Hostel” аймшгийн кинонд бүтээсэн дүрээрээ олны танил болсон АНУ-ын зохиолч, жүжигчин Эли Рот “Inglourious Basterds” кинонд Донни Доновитзийн дүрийг бүтээхийн тулд булчингаа эрс хөгжүүлэх шаардлагатай болжээ. Үүний тулд тэрбээр тасралтгүй 30 хоног бэлтгэл хийж, зогсоо зайгүй хөдөлмөрлөсөн гэдэг. Сонирхуулахад Эли англи, франц, итали болон орос хэлээр чөлөөтэй ярьдаг билээ.
Жейми Фокс “Any Given Sunday”
Нэрт дуучин Фокс 1999 онд америк хөлбөмбөгийн багийн талаар өгүүлдэг “Any Given Sunday” кинонд квотербек Уил Бимений дүрд тоглохын тулд жинхэнэ тамирчин болох хэрэгтэй байлаа. Ингэхийн тулд хөлбөмбөгийн бэлтгэлийг бодитоор мэдэрч, тамирчидтай дотно “нөхөрлөсөн” удаатай. Хожмоо Жейми энэ дүрийнхээ талаар “Миний амьдралын хамгийн хэцүү дүр. Гэхдээ энэ сорилтыг давж гарсандаа их баярладаг” хэмээн өгүүлж байв.
Микки Рурк “The Wrestler”
Бидний мэддэгээр нохой зодоон хэмээн нэрлэдэг мэргэжлийн бөхийн алдартай төлөөлөгч Рэнди “The Ram” Робинсоны бодит амьдралаас сэдэвлэсэн “The Wrestler” кинонд Рурк гол дүр бүтээсэн. Залуудаа боксчин байсан Миккид тулааны урлагийн тамирчны амьдрал ойр байж мэдэх юм. Гэхдээ хэдийнэ 56 нас хүрсэн Рурк бүтэн сарын хугацаанд рингэн дээр бэлтгэл хийх хэцүү даалгавартай тулгарчээ.
Райан Рейнольдс “Blade: Trinity”
Канадын жүжигчин Райан Фоксын нэгэн адил биеийн хөгжил тааруу нэгэн байв. Улмаар цус сорогчдын тухай өгүүлэх “Blade: Trinity”-д тоглохын тулд өдөрт гурван цаг дасгал хийж, гол төлөв махан хүнс хэрэглэж байжээ. Тус кинонд амжилттай дүр бүтээснээр Райаны нэр хүнд өсч, алдрын замнал нь эхэлсэн юм.
Эдвард Нортон “American History X”
Холивудын ертөнцөд өөрийн нэр хүнд, байр сууриа хэдийнэ эзэлсэн Эдвард Лос-Анжелесийн балмад эрчүүдийн тухай гардаг “American History X” кинонд танхай эрийн дүр бүтээхийн тулд гудамжны зодооны талаар судалгаа хийхэд хүрсэн юм. Тэрбээр тулааны урлагаар цөөнгүй цаг хичээллэж, чамгүй жин нэмснээр киногоо амжилттай бүтээжээ.
Кристиан Бэйл “Batman Begins”
Дүрдээ орохын тулд чамгүй өөрчлөлт хийдгээрээ алдартай нэгэн бол Бэйл. Түүнд “Batman Begins” киноны гол дүрийг өгөхдөө найруулагчид жин нэмж, булчинлаг биетэй болохыг зөвлөсөн төдийгүй бэлэн болоход зургаан сарын хугацаа өгсөн гэдэг. Тэрбээр энэ хугацаанд жингээ эрчимтэй нэмж, бүр хэтрүүлсэн учир эргээд 10 кг хасахад хүрчээ.
Уилл Смит “Ali”
Бүх цаг үеийн хүнд жингийн шилдэг боксчин хэмээгддэг Мохамед Алигийн тухай өгүүлэх “Ali” кинонд Смит чадварлаг тоглосон. Гэхдээ үүний тулд жүжигчин залуу 83 кг-аас 100 кг болтлоо жин нэмж, Рэй “Шугар” Леонардын хуучин дасгалжуулагчийн удирдлаган дор өдөрт зургаан цаг рингэн дээр “ажилласан” удаатай.
Жерард Батлер “300”
Шотландын жүжигчин Батлер комик номноос сэдэвлэсэн үлгэрийн “300” киноны гол баатар хаан Леонидасын дүрийг амжилттай бүтээж алдар хүндээ ахиулсан билээ. Гэхдээ Жерардын бие, бялдар Леонидасын дүрд тохирохгүй байв. Тиймээс жүжигчин эр тамхиа хаяж, спортоор идэвхтэй хичээллэсэн аж. Бусад 299 баатрууд ч мөн адил гүйлт, жад шидэлтийн бэлтгэл эрчимтэй хийж, өдрийн ихэнхийг бэлтгэлийн танхимд өнгөрүүлсний ачаар эртний дайчдын дүрийг бүтээж чадсан юм.
Э.ТЭМҮҮЛЭН