Цаг үеийн асуудлуудаар чиглэл өгөх шаардлагатай байгаа тул Ерөнхий сайд Н.Алтанхуяг ээлжит “30 минут”-ынхаа үеэр аймгуудын удирдлагатай цахимаар холбогдлоо.
Тэрбээр 1000 айлын орон сууц барих ажлыг хугацаа алдалгүй эхлүүлэх, авто замын ажлын бэлтгэл хангах, Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих болон Сум хөгжүүлэх сангийн зээлийн талаар иргэддээ мэдээлэл өгөхийг аймгуудын удирдлагуудад даалгасан юм.
Мөн шар усны үер, түймрээс сэргийлэхийг анхааруулав. Ингээд Н.Алтанхуяг сайд сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт ердөө 30 хувьтай байна гэж сөрөг хүчний зүгээс шүүмжилж байна. Үнэхээр ийм үзүүлэлттэй байгаа юм уу. Та бүхний зүгээс мөрийн хөтөлбөрийн биелэлтийг ямар нэг байдлаар хэмжиж, дүгнэсэн үү?
-Тоогоор хөөцөлдөх хэрэг байна уу, тийм тоо гаргасан байна лээ. Засгийн газар байгуулагдаад нэг жил долоон сар болж байгаа. 42.6 хувийн биелэлттэй гэж тооцсон юм бий. Гэхдээ би тоогоор хөөцөлдмөөргүй байна. Эцсийн эцэст ард иргэдийн амьжиргаа дээшилсэн эсэх, бодитой бүтээн байгуулалт хийсэн үү, үгүй юү гэдгээр л Засгийн газрын үйл ажиллагааг дүгнэнэ шүү дээ. Удахгүй мөрийн хөтөлбөрийн асуудлыг УИХаар хэлэлцүүлнэ.
-Манай эдийн засаг хүндэрснийг МАН-ын зүгээс удаа дараа анхааруулж буй. Төсвийн орлого 20 хувиар тасарсныг Сангийн сайд нь мэдэгдлээ. Эдийн засгийг гэрэлтүүлэхүйц сайн үзүүлэлтүүд байвал нэрлэхгүй юү. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нарт хариуцлага тооцох асуудлаар таны байр суурь хэвээрээ юү
-Эдийн засаг сайнгүй байгаа. Дэлхийн эдийн засаг бүр муу байгаа. Ноднин ч ийм байсан. Гэхдээ Засгийн газар, Төв банк хамтран тодорхой ажлууд хийж эхэлж байгаа. Тухайлбал, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх гарц хайхын зэрэгцээ барилгын салбарыг дэмжих бодлогыг энэ хавраас эхлүүлнэ. Ноолуурыг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоход ч анхаарал тавьж байгаа. Нэр бүхий сайд нарын тухайд ноднин намраас л ийм нэг асуудал яваад байгаа юм. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буучихаад байхад Д.Ганхуяг сайдыг хараагаад байж болж байна уу, үгүй юу. Хэдүүлээ ярих л асуудал.
-Эдийн засгийг сэргээх түлхүүр гэж хүлээгдэж буй “Оюутолгой” төслийг эрчимжүүлэх яриа хэлэлцээр урагшлах шинж байна уу?
-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан үеэсээ л Оюутолгойн гүний уурхайг ашиглах асуудлыг яаравчлуулж ирсэн. Өнгөрсөн долоо хоногт эл байдлаа илэрхийлж “Рио Тинто”-гийн том захиралд захидал бичсэн. Хөрөнгө оруулагчид яагаад хөдлөхгүй байгаагийн шалтгаан нь дэлхийн эдийн засгийн байдал, зэсийн үнийн уналттай холбоотой. Тийм учраас хөрөнгө оруулагчид нь яарахгүй байна.
-“Гудамж” төслийн хүрээнд энэ жил 13 уулзварт гар хүрч, шинэчлэхийн зэрэгцээ 100 км зав тавина гэж байсан. Гэвч дөнгөж гурван уулзвар, 10 км зам барих л хөрөнгө оруулалт гаргана гэж ярих боллоо. Санхүүжилт нь ингэж буурч байгаа юм уу?
-“Гудамж” төслийн хүрээнд энэ жил эхлүүлэх ажлуудаас хамгийн чухал нь “Туулын хурдны зам”. Үүнд хүчээ төвлөрүүлж байгаа. Бусдыг нь нийслэлийн хөрөнгөөр хийж болно. Дээр нь аймгуудын төвд нэлээд хөрөнгө төлөвлөсөн учраас нийслэлийн зарим уулзварын асуудлыг өөр эх үүсвэрээс санхүүжүүлнэ.
-Шинэчлэлийн Засгийн газар амралтгүй ажиллана гэсэн нь яасан бэ?
-Засгийн газар байгуулагдсан цагаасаа амралтг үй ажилласан. Сая УИХ-ын чуулганы завсарлагаар бямба гаригт хуралдаагүй. Манай сайд нар хүн болсон хойно жаахан ядарч, эмнэлэг, эмчилгээ ярих нь ихэссэн учраас завсарлагааныг ашиглан баасан гаригт хуралддаг болсон. Энэ нь амралтгүй ажиллана гэснээсээ буцаж байгаа юм биш. Ирэх долоо хоногоос эхлэн бямба гаригт хуралдана. Амралтын өдөр хурал хийхээс гадна ачаалалтай ажиллаж байгаа.
-50 мянгатын дэвсгэрт гүйлгээнд гаргах талаар Ажлын хэсгийн түвшинд судалж байгааг Сангийн сайд мэдээлсэн. Энэ үнэн үү?
-Би өнөө өглөө (өчигдөр) Монголбанкны ерөнхийл өгчөөс асуусан. “Үгүй” гэж хариулсан. Тэгэхээр энэ бол цуурхал.
-Дулааны үнийг хоёр дахин нэмэгдүүлнэ гэх яриа гарсан. Энэ хэр бодитой юм бол оо?
-Ийм ойлголт угаасаа байхгүй
-Хөгжлийн банк “Шинэ төмөр зам”-ын санхүүжилтийг гаргаж өгөхгүй байна гэх юм?
-Тийм юм байхгүй.
Б.НОМИН