Наран дээр гуравдугаар сарын 29-нд болон энэ сарын 2-нд тэсрэлт болжээ. Энэ талаар Одон орон, геофизикийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Батмөнхөөс тодрууллаа.
-Наран дээр тэсрэлт болсон гэсэн. Тэсрэлт яагаад болдог вэ?
-Нарны титмийн халуун плазм дахь соронзон орны шугамууд нийлж, их хэмжээний энерги ялгаруулдаг. Ихэнх тэсрэлтүүд ийм замаар үүсдэг. Энэ үед их хэмжээний масс шидэгдэж, нарны аймагт түгнэ. Дэлхийн соронзон оронтой мөргөлдөж хүчтэй хувьсах соронзон оронг үүсгэдэг.
-Тэсрэлт байнга болдог уу?
-Тэсрэлтүүдийг сул (C), дунд (M), хүчтэй (X) гэсэн ангилалд хуваадаг. Сул болон дунд зэргийн тэсрэлтүүд байнга болдог. Хүчтэй тэсрэлт харьцангуй цөөн, сард 1-2 удаа болно. Он гарснаас хойш нэгдүгээр сарын 7-нд Х1.2, хоёрдугаар сарын 25-нд Х4.9, гуравдугаар сарын 29-нд Х1 баллын хүчтэй тэсрэлт үүссэн. Харин хамгийн сүүлд өчигдөр (уржигдар) М6.5 баллын хүчтэй тэсрэлт болсон. Хамгийн хүчтэй тэсрэлт Х20 балл хүрч байсан удаатай.
-Тэсрэлт нь хэдий хугацааны дараа дэлхийд мэдэгдэх вэ?
-Тэсрэлт хугацааны хувьд богино, оргил үе нь 20 орчим минут үргэлжилдэг. Дэлхийд 2-3 хоногийн дараа мэдэгдэнэ. Гуравдугаар сарын 29-нд болсон хүчтэй тэсрэлт дэлхийд өчигдөр (уржигдар), өнөөдөр (өчигдөр) мэдэгдэж байх жишээтэй. Энэ үеэр архаг хууч, зүрх, судасны өвчтэй, даралт өөрчлөгддөг хүмүүсийн өвчин хөдөлж, сансрын хөлөг, хиймэл дагуулын холбоо тасран, цахилгаан хэрэгсэл ажиллахгүй болдог.
-Тэсрэлтийн их, багыг яаж хэмждэг вэ?
-Газар хөдлөлтийн энергийг хэмждэгтэй ижил магнитуд буюу баллын системээр хэмжинэ. Гэхдээ тэсрэлтээс үүссэн рентген цацрагаар дээрх ангиллаар магнитудыг тогтооно. Өөрөөр хэлбэл, 10-5 хүртэл сул (C), 10-5-10-4 хүртэл дунд (M), 10-4-өөс дээш бол хүчтэй (X) тэсрэлтэд тооцдог. Х1 гэдэг бол 10-4-өөс бага зэрэг их гэсэн үг.