Өнгөрсөн оны сүүлчээр батлагдсан Боомтын тухай хуулийн дагуу Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар энэ сараас Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болон шинэ бүтэц, зохион байгуулалтаар ажиллаж эхэлсэн. Тус агентлаг үйл ажиллагаандаа ямар шинэчлэл хийж, үйлчилгээгээ хэрхэн хялбаршуулж байгаагаа “Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлгийн үеэр өчигдөр танилцууллаа.
ИХШХЕГ-ын дарга Д.Пүрэвдорж “Манай байгууллага шинэ нэрээс гадна шинэ үйлчилгээ, шинэ дэг соёл бий болгохын төлөө ажиллаж байна. Хууль эрх зүйн орчин, хүний нөөц, төсөв, үйлчилгээ, хилийн хяналт шалгалт гээд бүх чиглэлийн ажилдаа “ухаалаг” зохицуулалт хийлээ. Нэг төгрөгийн гүйлгээг ч шилэн дансаар хийдэг болж, төсвөө ил тод болгосон, одоо ажлын орчноо авлигагүй бүс болгохоор зорьж байна” гэж ярив.
Энэ салбарын үйл ажиллагааг зохицуулах дөрвөн гол хуулийг шинэчилж, 86 журмыг 44 болгож цөөлсөн нь олон шат дамжлагыг халсан том зохицуулалт болжээ. Өмнө нь гааль, хилийн цэрэг, мэргэжлийн хяналт, гадаадын иргэн харьяатын асуудал хариуцсан дөрвөн байгууллагын гүйцэтгэж байсан ажил, үйлчилгээг одоо тус газрын цомхон баг хариуцаж байна. Виз өгөх эрхийг боомтуудад ажиллаж буй байцаагчдад өгч, эргэж хариуцлага тооцох тогтолцоонд шилжсэнээр виз богино хугацаанд шуурхай олгогдож байна. Төвд буюу дарга нарт төвлөрсөн эрх мэдлийг ингэж шилжүүлсний үр дүнд зөвхөн Сэлэнгийн Алтанбулаг боомтод гэхэд өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс хойш 2000 виз гаргажээ. Энэ тоо 2012 онд дөнгөж 320 байжээ. Иргэд гар утасны аппликэшн ашиглан гэрээсээ виз мэдүүлэх, төрийн байгууллагууд хяналт шалгалтаа нэг программ ашиглан явуулж, нэг цонхоор харах болсон гээд ухаалаг үйлчилгээнүүдийг ч нэвтрүүлсэн байна.
Энэ байгууллагад шилжиж очсон бас нэг чиг үүрэг бол гадаадад суугаа иргэдийнхээ эрхийг хамгаалах, эх орондоо ирж буй иргэдийг хурдан шуурхай нэвтрүүлдэг болгох ажил. Эхний ээлжинд хил дээрх бүртгэл, шалгалтыг хурууны хээгээр хийж эхэлснээр нэвтрүүлэх чадвар хоёр дахин нэмэгджээ. Мөн Монгол Улсаас гадаадад суугаа дипломат төлөөлөгчийн газруудтай хамтран гадаадад зорчиж буй монгол иргэдийн эрх зөрчигдөхөөс сэргийлж, манай улсад зорчиж байгаа гадаадын иргэдийг улсын хилээр нэвтэрснээс эхлэн буцаж гарах хүртэл хяналт тавьж байна. Ирэх хоёр жилд иргэний бүртгэл, хяналтын нэгдсэн мэдээллийн “E-immigration” систем бий болгож, хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шуурхай нэвтрүүлэх, гадаадын иргэдээс визийн хүсэлтийг онлайнаар авч, хариуг нь өгөх гэх мэт олон улсын түвшинд нийцсэн үйлчилгээ үзүүлдэг болгоно гэж Д.Пүрэвдорж дарга тодотголоо. Түүнчлэн төрийн онцгой чухал үүрэг гүйцэтгэж байгаа энэ байгууллагын албан хаагчид дүрэмт хувцсаа шинэчилсэн байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.