УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн даваа гаригт болсон бүлгийн анхдугаар хурлаараа хэлэлцсэн асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Эрх баригч намынхан бүлгийн хурлаараа гурван асуудлыг онцолжээ. Нэгдүгээрт, эдийн засгийн бодит нөхцөл байдал, хүндрэлийг хэрхэн даван туулах талаар Засгийн газар, Монголбанкны мэдээллийг сонссон байна. Энэ тухай бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Улс орны эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа нь үнэн. Монгол Улсын эдийн засгийг улс төрийн нөлөөгүй толинд харахыг хичээж байгаа” гэв.
Уул уурхайгаас хэт хараат байдал Монгол оронд эдийн засгийн хүндрэлийн үүд хаалгыг нээж өглөө хэмээн тэд дүгнэсэн байна. Ардчилсан намын бүлгийнхэн цаашид хэрхэн ажиллах талаар Засгийн газар, Монголбанкинд ойрын хугацаанд хэрэгжүүлэх тодорхой ажлыг чиглэл болгон өгчээ.
Нэгдүгээрт, концесийн гэрээгээр хийх ажлын жагсаалтыг Засгийн газар УИХ-д оруулж батлуулаад, ажлаа энэ хавар шуурхай эхлүүлэхийг үүрэг болгожээ. Юун түрүүнд Алтанбулаг, Замын- Үүдийн Хятад, ОХУ, олон улсыг Ази, Европын орнуудтай холбосон транзит тээврийн автозамын ажлыг концессийн гэрээгээр эхлүүлэх нь зүйтэй гэсэн чиглэл өгсөн байна. Хоёрдугаарт, боомтын төмөр замын асуудлыг УИХаар ойрын хугацаанд оруулах, гуравдугаарт, Асгатын мөнгөний ордыг ОХУ-тай хамтран ашиглах асуудлыг гэрээ санамжийн хүрээнд шийдвэрлэх хэрэгтэй гэж үзэж байгаа аж. Мөн Оюутолгойн хэлцлийг түргэвчлэх, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шийдсэн байна. Үүнээс гадна энэ оны эхний хагас жилд багтаан нэг тэрбум доллартай тэнцэх валютын урсгалыг хөрөнгө оруулалтын хэлбэрээр татан оруулах арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэв.
МАН-ын бүлэг “Давхар дээлт”- нүүдийг санал хураалтад оролцохгүй байхыг сануулав
УИХ дахь МАН-ын бүлгээс “давхар дээл”-тэй 17 гишүүн-сайдад санал хураалтад оролцохгүй байхыг сануулсан албан бичиг илгээжээ. Энэ долоо хоногт УИХ-ын нэгдсэн хуралдаанаар сайд нарын “давхар дээл”-ийг тайлах хуулийн төслийг хэлэлцэх бөгөөд уг санал хураалтад Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж байгаа УИХ-ын гишүүд оролцох нь тэдний ашиг сонирхолтой шууд холбоотой гэж УИХ дахь МАНын бүлэг үзэж буй юм. Тус намын бүлэг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалтуудыг мөрдөхийг сайд нарт анхааруулжээ. Түүнчлэн сайд нарыг ямар шийдвэр гаргахыг ард түмэн харж, хүлээж байгааг ч сануулсан байна.
Энэ асуудлаар иргэдийн дунд судалгаа явуулахад дөрвөн хүн тутмын гурав нь УИХ-ын гишүүд “давхар дээл”-ээ тайлах нь зөв гэж хариулсан талаар тэд ярив. Мөн судалгаанд оролцогсдын 77.9 хувь нь ашиг сонирхлын зөрчил үүсэх учраас “давхар дээл”-тэй одоогийн 17 сайд санал хураалтад оролцох ёсгүй гэжээ. Хэрвээ сайд нар уг хуулийн төслийн санал хураалтад оролцох нь ашиг сонирхлын зөрчил үүсгэхгүй гэж үзэж байгаа бол хууль зүйн үндэслэл бүхий тайлбараа гаргаж, олон нийтэд мэдээлсний дараа санал хураалтад оролцох ёстой ч УИХ дахь МАН-ын бүлэг сануулсан байна.
Г.ОЮУН