“Давхар дээл”-ийг дан болгох хэмээн ярьж хэвшээд буй Засгийн газрын тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр товложээ. Тиймээс сөрөг хүчнийхэн өчигдөр хөдөлгөөнд оров. Тэд УИХ-ын гишүүн 17 сайдад өчигдөр албан бичиг илгээж, “Ашиг сонирхлын зөрчилтэй асуудлаар санал хураалтад оролцохгүй байх нь хуульд нийцнэ” хэмээн сануулсан байна. Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулиа яг энэ үед л хэрэгжүүл гэж УИХ-ын дарга З.Энхболдоос бас шаардсан аж. Намрын чуулганаар уг асуудлыг хэлэлцэх үед МАН-ынхан ийм шаардлага тавьж, “Энэ нь шударга” гэж байсан ч сайд-гишүүд тоогоогүй. Тэр өдөр олонх ирцэндээ анхаараагүйгээс асуудал нь унаж мэдэхээр болсон тул завсарлага авсан билээ. Ерөнхийлөгч төсөл санаачлахдаа хэрэгжүүлэх хугацааг нь 2016 оноос байхаар тусгасан. Харин сөрөг хүчнийхэн уг хуулийг энэ оны долдугаар сарын 1-нээс мөрдөх ёстой гэж үзэж байна. УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч С.Бямбацогт, дэд дарга Д.Оюунхорол, гишүүн Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл нар өчигдөр энэ талаарх зарчмын байр сууриа сэтгүүлчдэд илэрхийлэв.
2000 онд Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлтөөс хамгийн их завхрал дагуулсан нь УИХ-ын гишүүн сайдаар давхар ажиллах боломж олгосон заалт байсан. Д.Лүндээжанцан гишүүн “Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт алдаа байсныг бид ойлгож, засахаар санаа тавьж байгаа. Өмнө нь бид алдсан гэдгээ намууд ойлголцсон атлаа хэрэгжүүлэх хугацааг хойшлуулах гээд буй нь утгагүй. Эрх мэдлийн гажуудал парламентат ёсны ардчилалд их хор хөнөөл учруулж байна. Тиймээс сүүлдээ УИХ-ын хоёр танхимтай, эсвэл Ерөнхийлөгчийн засаглалтай болох талаар ярьж эхэллээ. 20 гаруй жилийн үнэт зүйлээ бид ингэж үгүй хийж болохгүй. Монгол Улсын ардчиллын загварыг яадаг ч байсан хамгаалах ёстой” гэсэн юм. Тус намын бүлгээс өчигдөр УИХ-ын гишүүн 17 сайдад албан бичиг илгээж, “Ашиг сонирхлын зөрчилтэй асуудлаарх санал хураалтад оролцохгүй байна уу” гэж сануулжээ. УИХ-ын дарга З.Энхболдод ч УИХ-ын болон Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлж, хурлаа зохион байгуулахыг шаардсан бичиг илгээсэн байна.
С.Бямбацогт гишүүн “Өмнө нь оюутны тэтгэлэгтэй холбоотой асуудал хэлэлцэх үед УИХ-ын дарга Д.Оюунхорол, Б.БатЭрдэнэ нарын гишүүнийг ашиг сонирхлын зөрчилтэй гээд санал хураалтад оролцуулаагүй. Үүний адилаар сайд гишүүдийг санал хураалтад оролцуулахгүй байх ёстой. Хэрэв сайд гишүүд санал хураахад оролцоно гэж байгаа бол үүнийгээ бичгээр олон нийтэд тайлбарлах ёстой. УИХ-ын дарга бидний шаардлагыг хүлээж авахгүй бол Парламентыг огцруулах хүртэл арга хэмжээ авах болно” гэлээ. Гишүүн Д.Дэмбэрэл “Бид эрх барьж байхдаа давхар дээлтэй байсан. Гэхдээ бид бол цаг үеийн бүтээгдэхүүн. Одоо цаг үе давхар дээлийг тайлахыг шаардаж байна. Аливаа зүйлийг сөрөг тал дийлээд ирвэл өөрчлөхөөс аргагүй болдог. Олон сайд нь УИХ-ын гишүүн байхад Засгийн газарт ашигтай. Гэвч одоо сөрөг тал нь дийлээд байна. Нийгэм ч, УИХ-ын бүтэц ч үүнийг шаардаж байна. Сайд нар салбарын Байнгын хороондоо гишүүн болчихоод даргыг нь “атгадаг”, нэмээд 2-3 хороонд харьяалагддаг. Гэтэл МАН-ын гишүүд нэг л Байнгын хороонд харьяалагдаж байна. Давхар дээлтэй байхыг бид туршиж үзлээ, үр дүн нь муу байна, өөрчлөх шаардлагатай болжээ” гэсэн юм. Өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, ядуурал, ажилгүйдэл нэмэгдэж, аж ахуйн нэгжүүд өрөндөө баригдаж буйн цаад шалтгаан нь эрх мэдлийн хуваарилалт алдагдсантай холбоотой хэмээн Д.Оюунхорол гишүүн үзэж буй аж. Тиймээс энэ завхралыг дээрх хуулийг баталснаар засах ёстой гэлээ. Энэ асуудлаар өнөөдөр МАН Төрийн ордны гадна, дотно зэрэг тэмцэх нь.
Ордны гадна тус намаас давхар дээлийг тайлахыг шаардсан жагсаал зохион байгуулах юм. Харин чуулганы танхим дотроос УИХ дахь бүлгийн гишүүд нь байр сууриа илэрхийлэх аж. АН-ын 34 гишүүний 13, “Шударга ёс” эвслийн 11 гишүүний гурав, ИЗНН-ын нэг гишүүн тус бүр “давхар дээл”-тэй. АН, эвсэл, ИЗНН-аас бүрдэх олонх 47-уулаа. Үүн дээр бие даагчид тэднийг дэмжинэ гэж тооцвол 50 хүн байгаа юм. Хэрэв МАНын шаардсан ёсоор 17 сайд санал хураалтад оролцохгүй бол 32 хүн үлдэнэ. Харин МАН 26 гишүүнтэй. Олонх ирцээ сайн бүрдүүлж, нэг ч хүн алгасахгүй байлгаж байж л саналаа босоо авч үлдэж чадна гэсэн үг. Гэхдээ сөрөг хүчний ийм шаардлагыг өмнө нь ч анхаарч байгаагүй учраас ээлжит сануулга болоод өнгөрөх магадлал өндөр байна.
С.ТУУЛ