Үндсэн хуульд өөрчлөлт оруулах Ажлын хэсгийнхэн УИХ-д нэр дэвших насны босгыг 40 болгож өндөрсгөх санал гаргасан. Үндсэн хуульд заасны дагуу одоо бол 25 нас хүрсэн Монгол Улсын иргэн УИХ-д нэр дэвших эрхтэй. Энэ саналын талаар УИХ-ын гишүүд, намуудын төлөөлөл ямар байр суурьтай байгааг сонирхлоо.
Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: 30 НАС БОЛГОН НЭМЖ БОЛОХ ЮМ
-Энэ бол Ажлын хэсэг дээр ярьж буй санал, албан ёсных болоог үй. Үндсэн хуульд зааснаар УИХ-д нэр дэвших нас 25 байгаа. Үүнийг өөрчлөх эсэхийг Үндсэн хуулийн хүрээнд шийднэ. Манай улс залуусын орон. Гэвч төрд биеэ зассан, бэлдсэн хүн орох учиртай. Зарим салбарт хуулиар насны босго зааж, шаардлага тавьдаг. 35-аас дээш насны хүн шүүгч болно гэх мэтээр. Гэхдээ УИХ-д нэр дэвших насыг 40 болгож өөрчлөхгүй байх. 30 нас болгож бага зэрэг өндөрсгөж л болох юм.
Д.ГАНБАТ: ТӨРИЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХЭД НАС НЭГ ЧУХАЛ ҮЗҮҮЛЭЛТ БОЛНО
-Төрийг төлөвшүүлэх талаас энэ санал зөв гэж бодож байгаа. Төрд тодорхой туршлагатай, үзэл бодол төлөвшсөн хүн хэрэгтэй. Залуус боловсрол эзэмшиж, туршлага хуримтлуулах хэрэгтэй. Насны босго яг 40 байх уу гэдгийг ярилцах байх. Манай улсад 16 нас хүрээд иргэний үнэмлэх авдаг. 21 хүрэхээр насанд хүрлээ гэж үздэг. Үүнээс харахад нас бол төрийг төлөвшүүлэхэд нэг чухал үзүүлэлт болно.
Н.БАТЦЭРЭГ: УИХ-Д 30-35 НАСНЫХАН НЭР ДЭВШДЭГ БОЛГОЖ ӨӨРЧЛӨХ БОЛОМЖТОЙ
-Үзэл бодол төлөвшсөн хүн УИХ-д нэр дэвших нь зүйтэй гэсэн саналыг дэмжинэ. Харин насны босгыг 40 гэхээс илүү 30-35 болгож нэмсэн нь зөв гэсэн бодолтой байгаа. Насны босгыг өндөрсгөх нь төрийг төлөвшүүлэхэд чухал.
И.ЭРДЭНЭБААТАР: ЭНЭ ЗААЛТЫГ ДЭМЖИЖ БАЙГАА
-Улс төрийн намууд төлөвшөөгүй байна. Нам төлөвшөөгүй байна гэдэг нь боловсон хүчин, улстөрчид нь төлөвшөөгүй байгаагийн илрэл. УИХ-д 25 нас хүрсэн хүн нэр дэвших эрхтэй. Гэвч одоогийн 25 настнууд 20 жилийн өмнөх 25 настнуудаас ялгаатай.
Би 44 настайдаа сайд болсон, гэхдээ тэр үед ярьж, хэлж байснаа одоо харахаар ичдэг. Ийм байхад 25-тай залуу УИХ-д ороод юу хийх вэ. Үзэл бодол төлөвшиж, төрийн ажлын туршлагатай болсон 40-өөс дээш насныхныг УИХ-д нэр дэвшүүлэх хэрэгтэй. Ингэж байж төр төлөвшинө.
С.УУЛ