Янукович зугтаад сар гаруй болж буй ч Киевийн төв талбай дээр урьдынх шигээ айвуу тайвуу явж болохгүй янзтай. Шатсан байшингаас хярвас ханхалж, хог новш хийгээд машины дугуйгаар хийсэн хориглолтууд овойж оцойгоод, жагсагчдын орогнож байсан майхнууд ч хэвээр. Энд төмөр малгай өмсөж, гартаа бороохой барьсан залуус маш олон байна. “Хар зуутан”, “өөрийгөө хамгаалах”, “гварди” ч гэх шиг. Хувьсгал хийхгүй байх нь тэдэнд хэцүү, уйтгартай байгаа учраас “өдөөн хатгагчийг” зогсоо чөлөөгүй хайцгааж байна.
Цагдаа нар үзэгдэхээ больсноос үймээн самуунаар цангасан эрс Ерөнхийлөгч асны машин (Виктор Януковичийн унаж байсан машиныг одоо “Барууны сектор”-ын тэргүүний хүү хөлөглөж явна)-ыг хурааж авах, жижиг бизнес эрхлэгчдээс мөнгө нэхэх, хажуугаар нь явж буй хүнийг барьж зодоход саад болох юм алга болж. Радикал үзэлтнүүд Парламентын ордныг эзлэхийг оролдож шил, толийг нь хагалж байхад тэднийг хөөж тараах нь бүү хэл тарж явахыг царайчлан гуйж байсан гэнэ. “Барууны сектор”-ын тусламжтайгаар засгийн эрхэнд гарч ирсэн Киевийн одоогийн улстөрчид тэднийгээ одоо “Кремлийн хөлсний ажилтнууд” гэж нэрлэх болжээ.
-Зэвсэглэсэн дайчид зоогийн газар, банкийг дайраад эзэлчихсэн явдал цөөнгүй тохиолдсон. Тэд “Та нарыг бид хамгаалалтдаа авч байна” гэж хэлээд мөнгө нэхнэ. Цагдаа нарыг дуудахаар ирдэг ч тэднийг баривчлахгүй, “Болохгүй, цаадуул чинь байгууллагыг маань түймэрдэж орхино гэдэг юм” гэж нэгэн зоогийн газрын эзэн Бронислав Сокурко ярьж байв. Гэтэл Киевийн төв талбайгаас 300 метр холдоход л байдал шал өөр. Сэтгэлтэй хосууд тэврэлдэн сэлгүүцэж, зоогийн газрууд хүмүүсээр дүүрч, худалдааны газрууд хаврын хямдралаа зарлачихаж. Улс оронд нь чухам юу болоод байгааг хүмүүсийн олонх нь тоож байгаа янз алга. Энд болж буй үйл явдал дарангуйлагч Хосни Мубаракаа авч хаясан үеийн Каирын төв талбай Тахрирыг санагдуулна. Тэгэхэд шатсан хуягт машин дээр суусан дайчин Ахмед гэгч “Бид энд төр, засаг нь. Бидэнд дургүйцвэл толгойг нь доош нь харуулаад дүүжилчихнэ” хэмээн хээв нэг хэлж байсан юм. Украин одоо яг энэ замаар явж байна. Киевийн их сургуулийн оюутан Тарас Василенко нэгэн ухуулах хуудсыг заагаад “Үндэсний гвардид элсэхийг уриалж байгаа нь энэ. Энэ гвардийг фронт руу илгээнэ гэвэл бүгд тараад зугтана даа. Крымийг буу дуугаргалгүй өгчихлөө шүү дээ. Цээжээ дэлдээд Украины төлөө үхнэ гэж хашгирах нь одоо түгээмэл болж байна. Гэтэл нөгөө “Барууны сектор” нь ч үүнийг хийх гэж яарахг үй байна” гэж цухалдангуй хэллээ.
Залуус эх орныхоо төлөө зүтгэх чин эрмэлзэлтэй байна, цэргийн бүртгэлийн газруудад 40 мянган хүн очсон гэж эрх баригчид хэлээд байгаа ч сэтгүүлчдээс нэг ч хүн үүнийг нотлохгүй байгаа аж. Би ч гэсэн цэрэгт бүртгэх газар хүмүүс шавж байхыг харсангүй гэж “АиФ” сонины сурвалжлагч Георгий Зотов Украинаас бичсэн байна. Зэвсэг агссан дайчид түүнийгээ хураалгахыг яарахгүй, харин ч шинэ хувьсгал болохыг хүлээж ядаж байна. Майдан бол АНУ-ын удирдлагаар Баруун Украины хэрэгж үүлсэн, сайтар зохион байгуулсан үйл явдал юм. Львов хотын нэгэн зоогийн газарт “Бүү суу, Майдан руу яв” гэсэн үгтэй ухуулах хуудас хадаатай байгаа нь эндхийн эзэн үзэл бодлынхоо төлөө үйлчлүүлэгчдээ алдахаас ч эмээхгүй байна гэсэн үг. Ажилчид нь жагсаал цуглаанд оролцохоор бүтэн сараар ажлаа орхиод явахыг хувийн үйлдвэрийн эзэд зөвшөөрч буй төдийгүй энэ хугацаанд цалинг нь өгөөд, ажлын байрыг нь хадгалж байдаг гэнэ. Дайчдын санаанд нийцэхээргүй байвал тэд таван минутын дотор дайраад ороод ирэхийг нь Парламент ч, Засгийн газар ч, Хотын захиргаа ч мэдэж байдаг юм байна. Украины дорнод нутгийнхан ямар бодолтой байна вэ гэвэл тэд одоохондоо яахаа мэдэхгүй л байгаа бололтой. Гэхдээ оросууд ирээд асуудлыг нь шийдээд өгөөсэй гэсэн хүн энд олон байна.
Улс орон нь дампуурлын ирмэг дээр байгааг Украины Ерөнхий сайд Арсений Яценюк саяхан хүлээн зөвшөөрсөн. Энэ онд тус улсад 26 тэрбум доллар шаардлагатай болоод байна. Энэ нь тус улсын нэг жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгө юм. Тэгвэл Украины шинэ эрх баригчид гадаадаас хөрөнгө татаж сайхан амьдрах болно хэмээн өглөөнөөс орой болтол ард түмэндээ хэлж байна. Үүнд итгэхэд бэрх. Хямралаас гарах Яценюкийн төлөвлөгөө маш энгийн. Эхлээд хуучин татвараа нэмэгдүүлнэ, тэгээд шинэ татвар бий болгоно. Хүн амдаа хөнгөлөлт үзүүлэхээ болих нь. Ахуйн хэрэглээний хийн үнэ тавдугаар сарын 1-нээс 50 хувиар, аж ахуйн нэгжийн хувьд долдугаар сарын 1-нээс 40 хувиар нэмэгдэнэ гэж байгаа. Тариф нэмэгдсэнээс амьжиргаа муутай өрхийн тоо 2.5 дахин нэмэгдэхийг Яценюк өөрөө ч нуугаагүй.

Януковичийн үед энэ онд цалингийн доод хэмжээ, амьжиргааны доод түвшинг гурван удаа (нэг, долоо, аравдугаар сард) авч үзэхээр төлөвлөж байв. Шинэ эрх баригчид энэ шийдвэрийг цуцалсан. Мөнгөний ханш, Украины үндэсний мөнгөн тэмдэгт (гривень)-ийн худалдан авах чадвар унасан учраас төрийн дөрвөн сая албан хаагчийн цалинг нэмэх ямар ч аргагүй болоод байна. Аливаа нэмэгдэл ч багасчээ. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийн багш нар анги удирдсаны болон дэвтэр зассаны нэмэгдлээ авахаа больсон аж. Тэтгэврийнхэнд ч нэмэгдэл өгөх боломж лав л энэ онд байхгүй гэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхд үүдэд олгох тэтгэмжийг ч хэмнэх аж.
“Цалин, тэтгэврийг царцаах нь улсын төсвийн хомсдолыг багасгах гэсэн ОУВС-гийн оролдлого юм. Энэ нь үр дүн өгөхгүй, хүмүүс бодит орлогынхоо 20-25 хувийг алдаж буй гэсэн үг. Юмны үнэ нэмэгдээд байхад хүмүүсийн цалин нь хэвээр байхаар дэлгүүрт орох нь багасна. Ингэснээр эдийн засаг хямарна. Бизнесмэнүүдийн ашиг муудахаар бага татвар төлнө, тэгээд төсвийн орлого унана” гэж Украины шинжилгээний төвийн ерөнхийл өгч Александр Охрименко үзэж байна. Европын холбоо, АНУ хөрөнгөөр тусална гэж шинэ эрх баригчид байнга ярьж буй ч одоогоор ОУВС л хэтэвчээ тэмтэрч, хоёр жилийн хугацаагаар 14-18 тэрбум доллар өгөх боломжтой гэж амлаад байгаа. Европын холбоо болохоор Украинд мөнгө өгөх гэж яарахгүй байна. “Европын холбоо одоо Украинд мөнгө өгчихвөл тэр нь олигархуудын халаасанд л орно” гэж Чехийн Ерөнхийлөгч Милош Земан мэдэгдсэн.
ОУВС 10 тэрбум доллар, Европын холбоо ч ийм хэмжээний мөнгө амлалаа ч Украины дансанд 20 тэрбум доллар ороод ирнэ гэсэн үг биш. ОУВС амлаж буй мөнгөнийхөө тэн хагаст нь бараа өгнө гэж байгаа. Тэгэхдээ тэр бараа нь нэн чухал зүйл байна гэсэн үг бас биш. 2006 онд Гүрж үүнийг мэдэрсэн бөгөөд тэгэхэд хуучирсан зэвсгийг шинэ үнээр “шахсан” гэж байгаа. Түүнээс гадна ийм хэмжээний зээл өгчихөөд түүнийгээ буцааж авч чадахгүй байх магадлал өндөр учир Европын холбоог баталгаа болж өгөхийг ОУВС гуйж байгаа юм. Түүнчлэн Европын улст өрчид дээрх зээлийн ердөө 30 хувийг нь өгөхийг зөвшөөрч буй. Тэгэхлээр Киев ердөө таван тэрбум долларыг л “амьд мөнгөөр” нь аваад гурван тэрбумыг нь Европын холбоонд өгчихнө. Эцэст нь хоёр тэрбум доллар л Украины “гар дээр” очно. Эдийн засгийн сүйрлээс Украиныг энэ хэрийн мөнгө аварч чадна гэж үү.
“АиФ” сонины материал ашиглаж бэлтгэв
Р.ЖАРГАЛАНТ