
МАН-ынхан болон тэдний гишүүд дэмжигчид Чингисийн талбайд өчигдөр тайван жагсаал зохион байгуулав. Тэд сайд нарыг “давхар дээл”-ээ тайлахыг сануулж, Ц.Баярсайхан сайд шиг бусад нь ч бас хуулийн төслийг хэлэлцэн батлах санал хураалтад оролцохоос татгалзах, баталсан хуулийг тогтоосон өдрөөс мөрдөж эхлэхийг шаардсан юм. Лоозон барьж, шүгэл үлээсэн жагсагчид Төрийн ордны гадна олноороо цугласан байв. Тэдний үзэж буйгаар Монгол Улсын эдийн засаг доройтож, иргэдийн амьдрал өдөр ирэх тусам уруудаж, ядуурал газар авч байгаа гэв. Зохион байгуулалт сайтай цугласан жагсагчид эсэргүүцэлд зориулан бөмбөр болгож ашиглахаар төмөр торх, шүгэл, сайд нарын царайтай баг зэргийг бэлджээ.
МАН-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Оюунхорол, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-д сонгогдсон гишүүдийн төлөөлөл урьдчилан бэлтгэсэн индэрээс “Эдийн засгийн хямралд хүргэсэн Засгийн газарт хариуцлага тооцох хэрэгтэй. Ажлаа дийлж хийж чадахгүй байгаа гишүүд Засгийн газрын сайдын суудалтайгаа зууралдах шаардлагагүй. Огцрох хэрэгтэй” гэцгээсэн юм. Тэдний барьсан лоозонд бараа бүтээгдэхүүний үнэ 20-40 хувь нэмэгдсэнийг дурдаж, 247.319 ажилчин өрх өртэй, 186.644 ахмад тэтгэврийн зээлтэй байна гэж бичсэн байв. Түүнчлэн махны үнэ 6729 төгрөг байсан бол одоо 8750 болтлоо нэмэгдэж, 300-аар авдаг байсан өндөг 500 төгрөг болж өссөн гэв. Улмаар төр, засгийн бодлого алдагдаж “Ухаалаг Улаанбаатар” нэрээр хоёр төрөх, дөрвөн эмнэлэг, 20 сургууль барих мөнгөөр тоглох гэж байгааг анхааруулаад нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Улаанбаатарт эзэн сууж, түүний хүү нь нийслэлийн газрыг наймаалж байгаа талаар ч дурдсан байв.
Тиймээс Ерөнхийлөгч болон Ардчилсан намынхан сонгуульд ялахдаа хэлж байсан Оюутолгой, Тавантолгойгоос өгөх хувьцаа, цалин тэтгэвэр нэмнэ гэсэн амлалтдаа хүрэхийг шаардаж, Төрийн ордныг төрлийн ордон болгохын оронд давхар дээлээ тайлж, данхар бүтцээ цөөлөхийг МАНын удирдлагууд, намын гишүүд, дэмжигчид уриаллаа. Жагсаалд оролцогчид давхар алба хашдаг 17 сайдын зураг бүхий баг толгойдоо углаж, давхар дээл өмссөн байв. Ингээд УИХын гишүүн Я.Содбаатар, МАН-ын генсек Ж.Мөнхбат, нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй уриа лоозон барьсан жагсагчид шүгэл үлээн Төрийн ордны баруун хаалганы үүдэнд очсон. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд нарыг ард түмэн болоод сөрөг намынхаа шаардлагыг өөрсдийн биеэр ирж авахыг хүссэн юм. Тэд 11.40 минутаас эхлэн цаг хараад 10 минутын дараа гарч ирэхгүй бол өөрсдийн биеэр оруулж өгөхөө дуулгалаа. Гэсэн ч төрийн өндөрлөгүүдийн оронд УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар гарч ирж, шаардлагын бичгийг хүлээн авав.
Сөрөг намын тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол Засгийн газартай хариуцлага тооцох, улмаар УИХ-ыг тараах хүртэл арга хэмжээ авахыг сануулсан юм. Мөн жагсаалыг цаашид орон нутагт зохион байгуулна гэдгээ зарлаж, энэ асуудлаар иргэдийн саналыг авах аж. УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар “давхар дээл”-ийг тайлах асуудалд “Шударга ёс” эвслийнхэн завсарлага авсан. Тиймээс МАН-ынхан тав хоногийн дараа шаардлагынхаа хариуг авахаа мэдэгдлээ. Ингээд жагсагчид Төрийн ордныг тойрч яван зүүн талд нь буюу Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын өрөөний цонхны ойролцоо очин чанга яригчаар шаардлагаа дуулгаснаар жагсаал өндөрлөв.
Б.БЯМБА