Баячуудын спорт гэгддэг гольфийн томоохон тэмцээний нэг “Masters Tournament” өнөөдөр эхэлж байна. Гурван өдөр үргэлжлэх тус тэмцээн 78 дахь жилдээ зохиогдож буй юм. Энэ удаагийн мастеруудын өрсөлдөөнд алдарт гольфчин Тайгер Вудс гэмтлийн улмаас оролцож чадахгүй болжээ. Харин өнгөрсөн жил түрүүлсэн Австралийн Адам Скотт аваргаа хамгаалахаар бэлтгэж байна. Энэ жилийн тэмцээний нийт шагналын сан 8 сая долларт хүрчээ. Харин түрүүлсэн тамирчин өмнөх жилийнхтэй ижил 1.4 саяыг халааслах юм.
.jpg)
ХАМГИЙН ОЛОН ТҮРҮҮТЭЙ НЬ ЖЕК НИКЛАУС
1934 оноос хойш зохиогдох болсон тус тэмцээн Дэлхийн хоёрдугаар дайны үед буюу 1943-45 оны хооронд цуцлагдсаныг эс тооцвол жил бүр зохиогдож ирсэн түүхтэй. Энэ хугацаанд 48 аварга төрсөн юм. Тэднээс 16 нь цолоо хамгаалж байв. Хамгийн анх Ортон Смит “ногоон цамц”-ны эзнээр тодорсон бол АНУ-ын нэртэй тамирчин Жек Никлаус зургаан удаа түрүүлсэн амжилтаараа мэргэжил нэгтнүүдээ тэргүүлдэг аж. Тэрбээр 23 настайдаа буюу 1963 онд анхны цомоо хүртснээс хойш 1965-66, 1972, 1975, 1986 онд манлайлж байв. Сонирхолтой нь Жек сүүлийнхээ цомыг хүртэхдээ 46 нас, 82 өдөртэй байсан нь уг тэмцээний түүхэнд хамгийн ахмад аваргаар тодорчээ. Түүний дараа Арнольд Палмер (1958, 1960, 1962, 1964), Тайгер Вудс (1997,2001-02, 2005) нар дөрвөн удаа түрүүлсэн амжилтаар удаалдаг. Тэгвэл хоёр жил дараалан тэргүүлсэн ердөө гурван гольфчин бий. Тэд бол Никлаус, Вудс, Ник Фалдо нар юм. Сонирхуулахад Тайгер 1997 онд 21 нас, 104 өдөртэй “Мастерууд”-ын тэмцээнд өнгөлснөөр хамгийн залуу аваргаар тодорч, алдрын замналаа эхлүүлсэн түүхтэй.
УТСААР ЯРИХ ХОРИОТОЙ
Тэмцээний үеэр гар утас ашиглах нь хориотой байдаг. Хэрвээ шаардлагатай тохиолдолд төлбөртэй утас ашиглах журамтай. Энэ нь тамирчдын бүх анхаарлыг тэмцээнд хандуулахын тулд гаргасан шийдвэр юм. Түүнчлэн камер зэрэг бусад хэрэгслүүдийг ч хориглодог аж. Аливаа спортын арга хэмжээний үеэр ресторан, хүнсэн бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хаддаг. Харин энэ тэмцээнд ийм зүйл үгүй. Өндөгтэй салад гэхэд 1.50 доллар хүрнэ. Тэрчлэн тахианы сэндвич гэхэд гурван “ногоон”-ы үнэтэй. Мөн ресторанд үйлчлүүлээд тип буюу гар цайлгах мөнгө тавих нь хориглосон зүйлийн тоонд ордог гэнэ. “CBS” теле суваг “Мастерс”-ыг шууд дамжуулдаг юм. Гэхдээ нэг цагт ердөө дөрвөн минутын реклам, суртчилгаа явах үүрэгтэй.
ДӨРВӨН ӨДРИЙН ТАСАЛБАР 250 ДОЛЛАР
Та тус тэмцээнийг үзэхийг хүсвэл 250 доллар төлөхөд л хангалттай. Гэхдээ тасалбарыг хууль бусаар зарах болон худалдаж авбал шоронд суух хуультай юм. Өнгөрсөн жил хууль бусаар тасалбар борлуулсан болон худалдан авсан 24 хүнийг цагдаагийнхан саатуулсан гэдэг. Тэдний дунд Аубрей Харвелл хэмээх эрийг тун азгүй гэж хэлж болно. Түүнд нэгэн этгээд 20 доллароор билет худалдаж авахыг санал болгосон бөгөөд гэмгүй эр зөвшөөрсөн нь цагдаа нарт баригдаж, Харвелл тэмцээн үзэх нь битгий хэл саатуулах байранд хэдэн цагийг өнгөрөөжээ. Гэхдээ дээрх дүрэм зөвхөн тэмцээн болох газраас 2700 феет буюу 822 метрийн зайнд хамааралтай юм.
Э.ТЭМҮҮЛЭН