Хөрөнгө оруулалт буурч байна, эдийн засаг доройтлоо, махны үнэ нэмэгдлээ гэсэн үг болгоны цаана улс төрийн эрх мэдлийн төлөөх “тулаан” болж, энэ хэрээр Монгол Улсын нэр хүнд дэлхийд унаж байгааг эрх баригчид, тэр дундаа сөрөг хүчнийхэн сайн мэдэж байгаа. Гэвч үүнийг үл тоож, эдийн засаг элгээрээ хэвтлээ, хөрөнгө оруулалт зогслоо, долларын ханш чангарлаа хэмээн өдөр шөнөгүй ухуулж байгаа нь нуухыг нь авах гээд нүдийг нь сохолж байгаатай агаар нэгэн адил харагдаж байна. Яг үнэндээ энэ бүхэн хоёрхон жилийн хугацаанд болоод өнгөрсөн юм шиг, хоёр гуравхан хүн л бүгдийг нь гадагшаа өгөөд, өр зээл тавиад оруулаад ирчихсэн мэт ярьж байгаа улстөрчдийн энэ араншин сонгууль болохоор идэвхждэг байв. Гэтэл энэ удаад МАН-ын ганц хүсч байгаа зүйл нь улс төрийн тогтворгүй байдал. Хамгийн эмзэг асуудлыг нь хөндөж, эдийн засаг, стратегийн хувьд чухал салбарын сайдуудаар оролдож байгаа цаад санаа нь ч энэ улс оронд тогтворгүй байдал үүсгэж, хөрөнгө оруулагчдыг хулжааж, АН-ыг муухай харагдуулах гэсэн өчүүхэн жижиг санаа төдий. Харин цаана нь Монгол Улсын эрх ашиг яаж зөрчигдөх, бидний амьдралд энэ бүх тогтворгүй байдал ямар байдлаар нөлөөлөхийг тооцож үзээгүй нь харамсалтай бөгөөд хариуцлагагүй үйлдэл.
Эдийн засгийн өсөлттэй орчин, уул уурхайн хөр өнгө оруулагчдад ээлтэй Хөрөнгө оруулалтын хуулийг баталж, энэ хавраас уул уурхайн хөрөнгө оруулалт наашлах эерэг үр дүн ирсэн, “Мөнгөний чимээ” дуулдаж байгаа энэ үед хаа байсан 2016 оноос эхлэн хэрэгжих давхар дээл тайлуулах асуудлыг дуулиан болгон дэлгэж, улс төрийг тогтворгүй байгаа мэт харагдуулахыг хичээж байгаа нь хэнд ашигтай вэ гэдгийг уншигч авхай надаар хэлүүлэх юун. Ерөөс нийгэмд болж байгаа бүхнийг эрх баригчдад наах, нялзаах гэсэн оролдлого нь МАНыг муухай харагдуулж байгааг тус намын гишүүн М.Найданх үү ний нуугүй хэлсэн. Тодруулбал, “Манай намын тэнэглэл бүр хүмүүсийн элгийг хөшөөх нь ээ. Мэдээ хараад ичиж үхлээ. Давхар дээл гэсэн ёгт үгний цаад утгыг сайтар ухаж ойлгохгүй этгээд үүд бүр хошин шогийн гараа болгоод дэглээд явчихлаа. Хүний дээлийг тайлах битгий хэл өөрсдөө дээлээ нөмрөх ёстой этгээдүүд саяны Их хурлаар намын толгойд гарч ирсэн. Намын хэрэг эрхлэхийнхэн 1000 хүрэхгүй хүн цуглуулчихаад 10 000 хүн цугларлаа гээд байгаа нь том факт шүү. 10 000 хүн ирэх байх гэж тооцоолсон боловч 1000 хүрэхг үй хүн ирж байгаа нь өөрөө ноцтой асуудал шүү гэдгийг л бид ойлгож дүгнэх хэрэгтэй. Энэ нэг давхар дээлний асуудал тэрэнтэй тэрэнгүй УИХ-аар шийдэгдээд явна. Жагссан жагсаагүй шийдэгдэх асуудал. Энэ жагсаал онигоонд л орууллаа, бас л амжилт олсонгүй.
Хүний дээлийг тайлах битгий хэл өөрсдөө дээлээ нөмрөх ёстой этгээдүүд намын толгойд гарч ирчихээд иргэдийн амьдралын зовлон, эдийн засгийн хүндрэлээр тоглолт хийх гээд удаа дараа оролдоод бүтэхгүй байна” хэмээсэн нь нэгийг өгүүлж байгаа биз. Эдийн засгийн хүндрэл улс төрийн тоглолт хийх тайз биш. Тэгээд ч МАН-ыг төр барьж байх үед төр засаг нь тогтвортой байж, эдийн засаг элгээрээ мөлхөлгүй, амлалт нэхсэн ард түмэн өлсөж ядраагүй гэвэл түүн шиг шилдэг онигоо энэ зуунд л лав дахиж гарахгүй биз. “Чалко”-той хийсэн сул гэрээг ашиглан их хэмжээний мөнгө зээлж, түүнийгээ бэлэн мөнгө хэлбэрээр буюу 21 мянгаар тарааж байсан алдаа хэнийх вэ. Оюутолгойг гаднынханд найр тавин өгч, өнөөдөр Швейцарийн банкинд хэдэн саяар нь мөнгө байршуулж, тансаг орд харшид амьдарч яваа нөх өд аль намынх бол. Ард түмнийг ядууруулж, газрын наймааг цэцэглүүлж, нийслэлийг машинтай нь хамт “булшилж” байсан алдааг хэн хийв. Ашигт малтмалын лицензийг хэдэн зуугаар нь гаднынханд өгч, төрөө, улсаа дампууруулж, мөнгө идсэн хурган дарга нар хэний нөлөөн дор үүнийг хийв. Мэдээж шалтгаан нь тов тодорхой, хариулт өгөөд суух ч шаардлага гарахгүй.
МАН-ынхан Уул уурхайн сайдыг огцруулах шалтгаанаа Оюутолгойн гэрээг өөрчилн ө хэмээн байнга ярьж, хөрөнгө оруулагчдыг үзэн ядаж, мөн “Эрдэнэс Тавантолгой” компанитай хийсэн “Чалко”-гийн гэрээг өөрчилсөн учраас өнөөд өр хөрөнгө оруулалт 55 хувиар буурсан гэж үзсэн юм билээ. Энэ бүх үүсээд байгаа хүндрэл бэрхшээл нэг өглөө л босоод ирэхэд, АН-ын сайд салбарыг удирдсанаар бий болчихсон хэрэг биш. Ужиг гажиг тогтолцоо, өмнөх Засгийн газрын үед үйлдэгдсэн цөөн бус тооны бусармаг явдал, холион бантанг засч цэгцлэхээр шинэчлэлийн Засгийн газар боломжит бүх ажлыг хийхийн төлөө ажиллаж байгааг үгүйсгэж боломгүй. Ний нуугүй хэлэхэд МАН өөрсдийнхөө энэ бүх муу муухайг нуух гэж, өнөөдөр үүсээд байгаа бүх хүндрэл бэрхшээлийн эх үүсвэрийг бид тавьсан шүү гэдгээ ил тодоор хэлүүлэхгүй гэж, эрх баригчдын дан, давхар дээлийн асуудлаар улстөржиж, тэдний жижигхэн алдаан дээр тоглолт хийж анхаарлыг өөр тийш нь хандуулаад байгаа л хэрэг.
УИХ дээр тоглолт хийж, улс төрийн шоу хийхгүй бол “Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой” компанийн “Чалко”-той хийсэн гэрээ зэрэг энэ бүх зуурсан бантан нь өөрсдийнх нь хүзүүг ороох гээд байгаа учраас аргаа барсан шоу хийж эхэллээ. Энэ мэтээр хэн нь эхэлсэн, хэнийх нь буруу юм. Хэзээнээс энэ бүхнийг бид ухаж ярих ёстой вэ гэдгийг бичээд байвал барагдашгүй. Нэгэнт ийм түүхийг ууган улс төрийн хүчин маань биччихсэн, эхлүүлчихсэн учраас өдгөө гэдсэндээ хөлөө хийлцэх нь илүүц гэдгийг хаа хаанаа мэдэж буй. Эцсийн дүнд сонгууль угтсан улс төрийн шоу Монгол Улсыг л муухай харагдуулж, хөрөнгө оруулагчдыг хулжаана, хөөнө. Тэгэхээр тогтворгүй байдал хэнд ашигтай вэ гэдэг нь тод томруунаар харагдаж байгааг нурших нь илүүц биз ээ.
М.ГАНБАТ