УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улс (МХБНУ)-ын Холбооны Парламентын дарга бөгөөд Төлөөлөгчдийн танхимын дарга Тура У Швэ Манны Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын ажил хэргийн уулзалтууд өчигдөр боллоо. Хоёр улсын хооронд 1956 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Мьянмар улсын Парламентын дарга тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад анх удаа айлчилж байгаа нь энэ. Тиймээс ч энэхүү айлчлал нь хоёр орны хууль тогтоох байгууллагууд холбоо тогтоох, хамтын ажиллагааны эхлэлийг тавьж буй түүхэн ач холбогдолтой болохыг онцолж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг идэвхижүүлэх, ард түмний харилцан итгэлцэл, ойлголцлыг гүнзгийрүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа талууд илэрхийлэв.
УИХ-ын дарга хүндэт зочноо Чингисийн талбайд угтан мэндчилсэн. Тэд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөн дэх Баганат танхимд саатаж, хүндэт зочин Хүндэтгэлийн дэвтэрт сэтгэгдлээ бичин, гарын үсэг зурсан юм. Парламентын дарга нарын уулзалтын үеэр УИХ-ын дарга З.Энхболд Мьянмар улс сүүлийн жилүүдэд улс төр, эдийн засгийн салбараа ардчилах чиглэлээр өргөн цар хүрээтэй ажиллаж байгаад баяр хүргээд Монгол Улс 1990 онд зах зээлийн нийгэмд шилжсэн тэр мөчөөс Үндсэн хуулиа өөрчилж, цэгцэлснээр учирч болох олон хүндрэлээс сэргийлж чадсан талаар танилцууллаа. Тиймээс ч тус улсад хөрөнгө оруулах, худалдаа, үйлдвэрлэл болон эдийн засгийн бусад салбар дахь бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, хууль эрх зүйн чиглэлээр туршлага солилцох боломжтойг онцолсон.
МХБНУ-ын Холбооны Парламентын дарга Тура У Швэ Манн хариуд нь Монгол Улсын ардчиллын туршлагаас хуваалцах чин хүсэлтэйгээ илэрхийлсэн юм. Тэрбээр “Мьянмарын хүн ам 100 гаруй үндэстэн, ястнаас бүрддэг. Ард түмний хүсэл сонирхлыг дээдлэн, ардчилсан нийгэмд эргэлт буцалтгүй орж байгаа. Монгол Улс тайван замаар ардчиллыг эргэлт буцалтгүй сонгосон. Бид ч мөн тайван замаар ардчилалд хөл тавина гэдэгтээ итгэлтэй байна” гэв. Түүнчлэн байгалийн хийн экспортоор Азид тэргүүлэгчийн хувьд Хятад болон бусад улсад хийг хэрхэн нийлүүлдэг талаар Мьянмарын туршлагаас суралцмаар байгаагаа З.Энхболд дарга илэрхийлэв. Энэ нь нүүрснээс байгалийн хий гаргаж, БНХАУ-д тусгай хоолойгоор импортлохтой холбоотой болохыг ч тайлбарласан юм. Мөн Мьянмар улс 2014 онд АСЕАН-ыг амжилттай даргалж буйд баяр хүргэж, амжилт хүслээ.
Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг ноён Тура У Швэ Манн нарын уулзалтын үеэр талууд соёл, аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал болохыг тэмдэглэж байлаа. МХБНУ-ын Холбооны Парламентын дарга мөн Сонгуулийн ерөнхий хороонд зочлон санал хураалтын автоматжуулсан системийг ашиглаж байгаа туршлагатай танилцсан. 2013 оны долдугаар сараас Холбооны Парламентын даргаар ажиллаж буй энэ эрхмийн ажил үйлс цэрэг, батлан хамгаалахын салбартай салшгүй холбоотой. Тэрбээр армийн генерал цолтойн дээр нэрнийх нь Тура гэдэг үг нь баатар цолыг илэрхийлдэг аж. Ноён Тура У Швэ Манн өнгөрөгч оноос Холбооны эв нэгдэл, хөгжлийн намын даргаар сонгогдон ажиллаж буй гэнэ.
Б.НОМИН