
Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Х.Тэмүүжин сайдыг огцруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. Гишүүн О.Баасанхүү энэ тухай тогтоолын төсөл өргөн барьсан. Хуулийн дагуу энэ асуудлыг холбогдох Байнгын хороогоор ажлын долоо хоногт хэлэлцээд чуулганаар мөн ийм хугацаанд шийдэх учиртай. Хуралдааны эхэнд гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайдыг огцруулах ёстой гэсэн үндэслэлүүдээ танилцуулав. Тэрбээр гурван үндэслэл хэлж буй аж. Юуны өмнө төрийн тусгай албан хаагчийн эмнэлгийн зориулалтыг өөрчлөхдөө Х.Тэмүүжин сайд Төсвийн тухай хууль зөрчжээ. Мөн 3.2 тэрбум төгрөгийн үнэтэй MRI аппаратыг огт ашиглахгүй байж байгаад барилгын нуралтаас болж эвдэлсний бурууг сайдаас нь нэхэв. 2011 онд 19197 гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол 2013 онд энэ тоо 25362 болтол өссөн, гэмт хэргийн улмаас нас барагчдын тоо 134-336 болж нэмэгдсэн гэсэн статистик танилцуулаад “Эрүүгийн нөхцөл байдал хүндэрч байхад арга хэмжээ авахгүй байгаа нь хариуцсан салбараа удирдаж чадахгүй байгаагийн баталгаа” хэмээн үзэж буйгаа гишүүн хэлсэн.
Мөн “Үндэсний шуудан” сонинд Х.Тэмүүжин сайдтай холбоотой хар тамхины хэргийн талаар нийтлэл гарсан. Энэ нь түүнийг ёс зүйгүй хүн гэдгийг баталж байгаа тул огцруулах шалтгаан болно гэж үзсэн байна. Үүний дараа гишүүд асуулт тавих байв. Гэвч Д.Ганбат гишүүн “Бидэнд энэ асуудлыг хэлэлцэхэд хангалттай мэдээлэл алга. Тиймээс хэлэлцэхээ хойшлуулах горимын саналтай байна” гэлээ. З.Баянсэлэнгэ гишүүн сайдаас өөрөөс нь тайлбар сонсохыг хүссэн. Ингээд Х.Тэмүүжин сайд тайлбар хийв. Тэрбээр “Төрийн тусгай албан хаагчийн эмнэлгийн талаар жил гаруйн өмнөөс л ярьсан. Шийдвэрийг би биш, Засгийн газар гаргадаг. УИХ-ын шийдвэрээр энэ нь хууль бус гэдгийг баталчихсан. Эргэлзэж байгаа бол төсөв зарцуулалтад хийсэн аудитын дүгнэлттэй танилцаарай. Энд хууль зөрчсөн юм байхгүй. MRI аппаратны тухайд эмнэлэг дээр нь очоод үнэхээр эвдэрч үү, үгүй юү гэдгийг үзэх хэрэгтэй. Тухайн барилгыг барьж дуусгахаас өмнө уг аппаратыг дотор нь оруулсан юм билээ. Нийлүүлэгчид нь оруулаад ажиллуулж шалгасан. Барилгын ажил дуусаагүй байгаа нөхцөлд аппаратыг ажиллуулж, хүн үзнэ гэж байхгүй. Ингэвэл сул зардал урсана. Тиймээс ажиллагааг нь түр зогсоосон. Үүнд ямар ч гэмтэл байхгүй. Гэмт хэрэг өсөж байгаа. Энэ нь эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой.
2007 онд эдийн засаг хямрахад ч гэмт хэргийн тоо эрс өссөн байдаг. 2013 онд ч бас тэгсэн. Нөгөө талаас Цагдаагийн байгууллагад хийсэн өөрчлөлтөөс болж статистик тоо өөрчлөгдөж байгаа юм. Өмнө нь гэмт хэрэг, зөрчил хоёрыг салгаж бүртгэдэг. Хөнгөн хэргүүдийг бүртгэдэггүй байсан. Зургаан дүүрэгт байсан цагдаагийн хэлтсийг задалж, 12 байршилтай болгосноор иргэдэд үйлчилгээ нь илүү хүрэх болсон. Тиймээс иргэд гомдол гаргах нь нэмэгдсэн. Мөн “Иргэнээс ирүүлсэн гомдол бүрийг бүртгэх” зарчим баримталж буй учраас статистикийн хувьд гэмт хэргийн тоо өссөн харагдаж байгаа юм. Тоон талаас харахаас илүү агуулгын ямар шинэчлэл хийж буйг анхаараасай” гэлээ.
Б.Бат-Эрдэнэ гишүүн “Баасанхүү гишүүний үндэслэл дотор Х.Тэмүүжин сайд цагдаагийн байгууллагатай холбоотой твиттерээр жиргэснийг дурдсан байна. Үүнээс харвал цагдаагийн байгууллага сайдаа хууль бусаар тагнасан байх магадлалтай, ноцтой хэрэг байна. Тиймээс мэдээллийг нягталж шалгах нь зүйтэй” хэмээн Д.Ганбатын саналыг дэмжсэн. Ингээд горимын саналыг хураахад гишүүдийн олонх нь хойшлуулахыг дэмжсэнээр Байнгын хорооны хуралдаан өндөрлөв.
С.ТУУЛ