Бидний мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй нэгэн “их айл” өдрөөс өдөрт улам өнөр болж, өргөжин тэлж, сайн, муу багагүй хэл ам таталж, тэр байтугай улс орны амьдрал, бодлого шийдвэрт нөлөөлж мэдэхээр болтлоо хүчирхэгжээд буй. Энэ бол твиттер хэмээх цахим орон зай. Хүмүүс угсаа гарал, мэдлэг боловсрол, дарга цэрэг, хөгшин залуу, эр эмээс үл хамааран үзэл бодлоо уралдуулж, улстөржиж, бас шүүмжилж, магтаал урсгаж, эс бөгөөс гутаан доромжилж болдог хэт эрх чөлөөт гэмээр үл үзэгдэх талбар. Энэ бол эрх чөлөөт оронд амьдарч буйн нэг сайн тал мөнөөс мөн ч нөгөөтэйгүүр нэг хүний эрх нөгөөгийнхөөр хязгаарлагддаг хуулийн дор амьдарч буй гэдгээ умартсан, хэт ёс зүйгүй үйлдлүүд зөвхөн энэ үл үзэгдэх цахим ертөнцөөс ихээхэн гарах боллоо. Гэхдээ энд бүх жиргээчийг хамруулан хараар будах гэсэнгүй. Хэрэгтэй санаа оноо өгөхөөр, жинтэй үг дуугарч, даацтай жиргээ нисгэдэг “томчууд”, жирийн иргэд тэдний дунд олон бий. Үзэл бодлоо бусадтай хуваалцаж, найз нөхөд, ах дүүс болцгоосон, тэдгээр жиргээчийн эзлэх хувь илүү жин дарна гэдэгт итгэдэг. Төрийн албан хаагчид твиттерээр түмний нүдэн дээр шившгээ тарьж, салам хэрэлдэж, булайгаа дэлгэсэн нь хэнд ч сайхан санагдаагүй нь лавтай. Твиттерт үзэл бодлоороо нэгдсэн, тэгэхдээ бүр төрийн сайд явсан хүн, бас нэр нөлөө бүхий эмч тэргүүтэй хүмүүс эгнэж зогсоод Төрийн сүлд, алтан соёмбот далбаа руугаа салаавч гаргасан нь тэднийг огтхон ч сайхан харагдуулаагүй билээ. Аливаа асуудлаар үзэл бодлоо илэрхийлэх нь хүний эрх ч гэлээ юманд хэмжээ, хязгаар гэж бий.
Туйлшрал гээч зүйлийг твиттерчид жинхэнэ утгаар нь харуулж, сүргээрээ хошууран “нисэлдэж”, бүдүүн, нарийн хоолойгоор жиргэцгээх нь заримдаа захиалгатай юм шиг санагдах нь ч бий. Ялангуяа сонгуулийн үеэр, аливаа нэг хуулийн төсөл яригдаж буй үед, эс бөгөөс аль нэг намын байр суурь хүчтэй давамгайлах үед жиргээчид санаатай санаандгүй хоолой нийлүүлэх нь бий. Аль нэг намын гишүүд хоорондоо талцан твиттерээр “байлддаг” үзэгдэл ч түгээмэл. “..Танай намынхан тэгж идэж уугаагүй юу”, “...Энхбаярын үед, Батболдын үед тэгж байсан, одоо танай Алтанхуяг улс орныг сайн сайхан авч яваа нь хаана байгаа юм” гэхчилэн хэрүүлийн алим шидэлцэж, авлига, газрын наймаа, албан тушаалын бялуу хуваасан булхайгаа дэлгэцгээнэ. Өмнө нь улстөрчид мөнгө идэж уудаг, ёс суртахуунгүй авирладаг, авлига өгдөг, авдаг хэрэг нь шүүх цагдаагаар шийдэгдээгүй л бол ам дамжсан яриа төдий байсан бол өдгөө твиттерчид нэр устай нь илчлэн гаргах боллоо. Эрх баригчдын хооронд ил далд зөрчил байгаа нь эндээс илт анзаарагдана. Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэдэг дээ.
Жиргээчид хэлсэн үг, үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээдэг байх ёстой гэж боддог. Хэн нэгнийг газар дор ортол хараан доромжилчихоод юу ч болоогүй юм шиг гэгээн дүртэй цэцэрхэгчид цөөнгүй бий. Хүнийг гүтгэн доромжилбол хуулиар хариуцлага хүлээдэг биз дээ. Энэ хууль манай твиттерчдэд хүртээлгүй байдаг нь хачирхалтай. Үүнд зарим нэг зүйл нөлөөлдөг л дөө. Хуурамч нэр хаяг үүсгэсэн, “баг зүүсэн” нөхөд олон байдаг нь жинхэнэ эзнийг нь олоход хүндрэлтэй байдаг ч байж мэдэх юм. Тэд ёстой л дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэдэг. Улстөрчид, эрх баригчдын болохгүй бүтэхгүй байгаад үнэхээр уур нь хүрээд уушги нь сагсайгаад байгаа бол тэдгээр багтнууд ил гарч ирээд шүүмжлэх зориг зүрхтэй байх ёстой бус уу. Багныхаа араас бусдыг баалж, хүссэнээрээ доромжилж бах таваа хангадаг байж болохгүй. Нөгөө талаас элдвээрээ хэлүүлж, шүүмжлэлийн бай болоод байгаа эрхмүүд хариуг нь тэр дор нь өгчихөж чаддаг баймаар. Хууль чангатай, барууны орнуудад байдал манайхаас өөр. Арьс өнгөний үзэл гаргасныхаа төлөө жиргээч шүүхэд дуудагдаж, 3-4 сар шоронд суусан жишээтэй. Хүн гүтгэсэн нь тогтоогдвол хуулийн хариуцлага хүлээлгэж чаддаг нийгэмд иргэд нь манайхан шиг “дунд чөмгөөрөө жиргэдэггүй” юм байна. Энэ чинь зүгээр л нэг жиргээ шүү дээ” гээд үл тоогоод орхичихдоггүй, бусдын эрхэнд хүндэтгэлтэй ханддаг ажээ. Гэхдээ бичсэн жиргээнээсээ болж, хариуцлага хүлээсэн тохиолдол манайд саяхнаас гарсан.
МИАТ компанийн Бодлого төлөвлөлтийн газрын захирал С.Билэгсайхан, Бизнес хөгжлийн хэлтсийн дарга Ц.Бат нар хэдэн сарын өмнө твиттерээр хэрэлдэж, идэж уусан, авлига авснаа дуудалцаж, шившгээ дэлгээд тун удалгүй хоёул хөтлөлцөөд ажлаасаа халагдсан билээ. МИАТ компанийн мэдэгдсэнээр “Өөрийн твиттер хуудсаар үзэл бодлоо илэрхийлэхдээ компанийн нэр хүндийг гутаах, удирдлагын зөвшөөрөлгүйгээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр компанийн нууцтай болон өөрийн албан ажилтай холбоотой мэдээ, мэдээллийг нийтл үүлсэн гэх ноцтой зөрчил гаргасан” гэжээ. Компанийн үйл ажиллагаатай холбоотой гадагш түгээх ёсгүй материал, бизнесийн нэр хүндэд халдсан, буруу, ташаа мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудсаараа тараасан учраас Хөдөлм өрийн гэрээг нь цуцалж ажлаас нь чөлөөлсөн гэдэг мэдэгдлийг МИАТ-аас гаргасан юм. Олон нийтийн цахим сүлжээнд ер нь хаана ч тэр хүн өөрийн үг хэлээ цэнэж, үзэл бодлоо илэрхийлэхдээ учиртай хандах ёстой. Монголын хүн амын хэдэн хувь нь энэ цахим ертөнцөд хаягтай бол.
Твиттерээр олон нийт тэгж шуугилаа, ингэж шүүмжиллээ гэж явцуурах нь бас зөв эсэхийг бодолцох хэрэгтэй л болов уу. Ард нь хэл амаа билүүдсэн, мэдэмхийрч, цээжээ дэлдсэн хэдхэн хүн байж болох шүү дээ. Твиттер гэдэг цахим орон зайг улстөрждөг, ухуулга хийдэг, бас хэн нэгнээ хөөрхөн дөнгөчихдөг, магадгүй хувийн хонзонгоо авдаг талбар болгочихгүй байгаасай. Монголчууд цахим ертөнцөд улам олуулаа нэгдэж, хүчтэй болж байгаа нь сайн хэрэг. Аливаад үзэл бодлоо хуваалцаж, олон ургальч үүднээс хандаж, эерэг зөв мессежийг нийгэмд өгч, тэр байтугай нийтийг хамарсан сайн үйлийг бүтээхэд, хөгжил дэвшлийн төлөө дуу хоолойгоо нэгтгэхэд тэдний хүч, хувь нэмэр асар их билээ.
М.ТЭРГЭЛ