УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарын “тэмцэл” үргэлжилж байна. Хууль зүйн сайдыг огцруулах асуудал хөндөх тухай бараг жилийн өмнөөс дуулдаж байсан ч эрхэм гишүүн энэ яриаг хаврын чуулган нээсэн өдөр “ажил хэрэг” болгосон юм. Энэ нь шинэчлэлийн Засгийн газрынхны хувьд огцруулах тогтоол өргөн барьсан дөрөв дэх тохиолдол, харин Х.Тэмүүжин сайдын хувьд анхных болж байгаа.
Олон нийтийн нүдэнд бол хамгийн идэвхтэй, ажилсаг харагддаг сайдыг огцруулна гэхээр гайхсан хүн ч олон биз. Тэгвэл О.Баасанхүү гишүүн Хууль зүйн сайдыг огцруулах гурван ч үндэслэл дэвшүүлсэн. Хууль зөрчиж, хариуцлага алдсан, салбараа удирдах чадваргүй, ёс зүйн шаардлага хангаагүй гэж тэр үзэв. Үүнийгээ төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн зориулалтыг өөрчлөх шийдвэр, ард түмний эрүүл мэндэд чухал хэрэгтэй MRI аппаратыг ашиглахгүй байсаар 3.2 тэрбум төгрөгийг үргүй зарлагадаж, эвдрэхэд хүргэсэн зэргээр тайлбарласан. Мөн хар тамхины хэрэгтэй Хууль зүйн сайд холбоотой тухай хэвлэлээр гарсан мэдээллийг нэг үндэслэлээ болгосон юм.
Х.Тэмүүжин сайдыг огцруулах тухай яриа гарч, тогтоолыг нь өргөн барьснаас хойш гишүүн О.Баасанхүүд “хачин сонин” явдал тохиолдож эхэлсэн гэнэ. Тэр гэнэт л танихгүй олон “сайн” найзтай болсон аж. Том биетэй залуу гудамжинд түүнтэй саймшран мэндэлж, хийж буй ажлыг нь дэмждэгээ уламжлаад нөхөрсгөөр мөрөн дээр нь алгадахдаа “Тэмүүжинг оролдоод үзээрэй” гэж сүрдүүлсэн байна. Энэ мэт заналхийлэл тасрахгүй байгаа учраас тэрбээр ТЕГ-т хандан хамгаалалт авах хүсэлтээ албан бичгээр гаргажээ. Хэн нэг иргэн, албан тушаалтан төрөөс хамгаалалт хүссэн үед үнэхээр заналхийлсэн үү, үгүй юү гэдгийг нь шалгаж, баталгаажуулах учиртай. Тэгвэл эрхэм гишүүн энэ талаар “Тэд бодит хүсэлт үү, заналхийлсэн нь үнэн үү гэдгийг шалгаж үздэг. Тийм байна гэж үзсэн учраас надад өнгөрсөн долоо хоногийн баасан гаригаас хамгаалалт гаргаж өгсөн” гэлээ. ТЕГын Олон нийттэй харилцах албанаас энэ тухай тодруулахад мэдээлэл үнэнийг батлав. УИХ-аар асуудлыг хэлэлцэж дуустал эрхэм гишүүнийг хамгаалалтад авсан юм байна. Албан тушаалтанд ямар тохиолдолд төрөөс хамгаалалт гаргадаг тухай хууль, эрх зүйн үндэслэлийг бид сонирхов.
УИХ-ын тухай хуульд зааснаар гишүүний харилцуур утас, бусад тусгай хэрэглээний холбооны хэрэгслийг төр хамгаалж, нууцыг чанд хадгалах ёстой юм байна. Мөн онцгой чуулган зарласан нөхцөлд УИХ-ын гишүүдийг хамгаалалтад авдаг аж. Үүнээс өөр хамгаалалтад авах тухай заалт хайгаад олсонгүй. Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиар, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд УИХ-ын даргад төрөөс тусгай хамгаалалт гаргаж өгдгийг бид мэднэ. Мөн эдгээр албан тушаалыг хашиж байгаад буусан хүмүүсийг УИХ-ын нэг бүрэн эрхийн хугацаанд буюу дөрвөн жил хамгаалалтад авдаг. Өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг батлахдаа уг сонгуульд нэр дэвшигчдийг санал хураалтын дүн гарах өдөр хүртэл хамгаалалтад авдаг болгосон. Үүнээс бусад албан тушаалтан, иргэнийг төрийн тусгай хамгаалалтад авах бол УИХ-аас шийдвэр гаргадаг гэх. Тэгэхээр О.Баасанхүү гишүүний авсан хамгаалалт төрийн тусгай гэдэг ангилалд багтахгүй бололтой. Учир нь энэ талаар УИХ-аар хэлэлцээгүй, ямар нэг шийдвэр гараагүй. Хууль зүйн сайд Байнгын хорооны хуралдааны үеэр товч тайлбар хэлэхдээ төрийн тусгай албан хаагчийн эмнэлэгтэй холбоотой шийдвэрийг нэг сайд биш, Засгийн газар гаргадаг, мөн гэмт хэргийн тоо өссөн нь бүртгэлийн арга барилаа шинэчилж, гомдол бүрт санаа тавьдаг болсонтой холбоотой гэсэн юм. Бас эмнэлэг дээр нь очоод үзвэл өнөөх MRI аппарат өчүүхэн ч гэмтэлгүй байгааг үзэж болно гэсэн. Түүнийхээр бол О.Баасанхүү гишүүний дэвшүүлсэн үндэслэлүүд хол явахгүй гэсэн үг.
Үнэхээр ямар нэг хууль зөрчөөгүй юм бол Х.Тэмүүжин сайдад эрхэм гишүүнийг сүрдүүлж, сандраад байх шаардлага байхгүй. Эсвэл түүнийг дэмжигчид өмнөөс нь “санаа тавиад” байгаа хэрэг үү. Өөр нэг тайлбар бий. Эрхэм гишүүн О.Баасанхүү өөрт нь Х.Тэмүүжингийн хүмүүс заналхийлсэн, сүрдүүлсэн болгож шоудаад байна. Гэхдээ эрхэм гишүүнийг хэн нэгэн “зүгээр байлгахгүй” байгаа учраас л ТЕГ хамгаалалт гаргаад өгсөн болов уу. УИХ дахь АН-ын бүлгийнхэн сайдтай холбоотой асуудлаар нэгдсэн байр суурь гаргахг үй гэдгээ мэдэгдсэн учраас гишүүд нь хувийн сонголтоо хийх юм. “Шударга ёс” эвслийнхэн АН-ын шийдвэрийг харж байсан учраас бас л иймэрхүү шийдэл гаргах байх. МАН-ынхны тухайд “Мэдээллийг нягталж байж байр сууриа илэрхийлнэ” гээд байгаа. Өмнө нь Ерөнхий сайд болон Эдийн засгийн хөгжлийн, Сангийн сайд нараа олонхи хамгаалан авч үлдсэн. Тэгэхээр Х.Тэмүүжин сайдыг ч авч үлдэх магадлал өндөр. Юутай ч АН-ынхан Х.Тэмүүжин сайдтай холбоотой мэдээллээ нягталж, тодруулсны дараа Хууль зүйн байнгын хороо үргэлжлэн хуралдана, тэр болтол эрхэм гишүүн О.Баасанхүүг төрөөс хамгаалж байх нь.
Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль Хоёрдугаар бүлэг. Төрийн тусгай хамгаалалтын хамрах хүрээ, зэрэглэл
6 дугаар зүйл. Төрийн тусгай хамгаалалтад байх албан тушаалтан, иргэн
1. Дараахь албан тушаалтан, иргэн төрийн тусгай хамгаалалтад байна:
1/ Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд
2/ УИХ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, Ерөнхий сайдын үүргийг орлон гүйцэтгэгч;
З/ Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын алба хашиж байсан иргэнийг хуульд заасан хугацаанд;
4/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг сонгуулийн кампанит ажил эхэлсэн өдрөөс албан ёсны дүн гарах хүртэлх хугацаанд
5/ Монгол Улсад айлчилж байгаа гадаад орны төр, засгийн газрын тэргүүн, өөрийн хамгаалалттай ирсэн дээд, өндөр хэмжээний зочин.
2. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-д хамгаалуулагчийн албан үүрэгтэй нь холбогдуулан түүний эхнэр /нөхөр/, насанд хүрээгүй хүүхдийн амь биед гаднын аюул учирч болзошгүй тохиолдолд тухайн нөхцөл байдал арилах хүртэл тэднийг төрийн тусгай хамгаалалтад түр хугацаагаар авч болно.
З. Монгол Улсын аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаас бусад албан тушаалтан, иргэнийг төрийн тусгай хамгаалалтад хамааруулах асуудлыг УИХ шийдвэрлэнэ.