

Авлигатай тэмцэх газрын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон гүйцэтгэх ажил явуулахаас бусад үйл ажиллагаанд хяналт тавих, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар тус газарт зөвл өмж өгөх, олон нийтийг авлигатай тэмцэх үйлсэд татан оролцуулах үүрэг, зорилготой Олон нийтийн зөвлөл Авлигатай тэмцэх газрын дэргэд ажилладаг болоод долоон жилийн нүүр үзэж байна. Авлигын эсрэг хууль 2006 онд батлагдсаны дараа, 2007 онд Авлигатай тэмцэх газартай зэрэг шахам “мэндэлсэн” энэ зөвлөлийн гишүүд уг нь улс төрөөс ангид, нэр цэвэр байх ёстой ч жинхэнэ улстөржсөн байгууллага болж хувирсныг нь хэн хүнгүй ярьсаар удлаа. 15 гишүүнийх нь найм нь улстөртэй ямар нэг сэжмээр холбогдсон, зарим нь АН-тай нэгэн үе хувь заяагаа холбож явсан, одоо ч холбоотой яваа хүмүүс энэ зөвлөлд байсаар байна. Иргэний нийгэм, олон нийтийг төлөөлж тус зөвлөлийн гишүүнээр томилогдсоныхоо дараа Үндсэн хуулийн цэцийн гишүүн, УИХ-ын гишүүн, дэд сайд, Ерөнхий сайдын зөвлөх гэхчилэн төрийн өндөр албан тушаал хашиж яваа хүмүүс энэ зөвлөлийн гишүүдийн гуравны нэгийг бүрдүүлдэг болжээ. Ард олныг төлөөлж, авлигатай тэмцэхээр томилогдсон тэд одоо авлига хамгийн их байдаг гэж сэжиглэгддэг албан тушаалд оччихсон сууж байна.
Олон нийтийн зөвлөлийн одоогийн гишүүдийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 оны есдүгээр сарын 29-нд 121 дүгээр тогтоолоор томилсон юм. Үндсэн хуулийн 34.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9.1, Авлигын эсрэг хуулийн 27.2 дахь хэсгийг баримтлан гаргасан энэ зарлиг өнөө ч хүчинтэй хэвээрээ. Учир нь Ерөнхийлөгч дараагийн зарлигаа гаргаж, өмнөхийг нь хүчингүй болгоогүй байна. АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн 15 гишүүнийг тухайн үед иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл болгож томилсон ч одоо бол олонхи нь тухайн үед эрхэлж байснаасаа өөр ажил, албан тушаалд очоод удаж байна. Тэр тусмаа Олон нийтийн зөвл өлийн гишүүний эрхлэх ёсгүй ажил, хаших ёсгүй албан тушаалд тэднийг томилжээ. Ийм томилгоо хийж болох ч АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас нь чөлөөлөх ёстой. “Олон нийтийн зөвлөлийн ажиллах журам”- д “Зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө төрийн, улс төрийн болон төрийн жинхэнэ албанд сонгогдсон эсхүл томилогдсон, бусад шалтгаанаар иргэний нийгмийг төлөөлөхгүй болсон бол чөлөөлнө” гэж заажээ. Тэднийг чөлөөлөх эрх нь ганцхан Монгол Улсын Ерөнхийлөгчид бий. Харин Ерөнхийлөгч тэднийг эргүүлэн таталгүй байлгасаар 2013 оны есдүгээр сарын 29-нийг хүргэсэн юм. Энэ өдөр АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн 15 гишүүнийг томилсон дөрвөн жилийн хугацаа дууссан. Гэсэн ч дараагийн гишүүдийг томилсонгүй өдий хүрэв. Тэгэхээр АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн бүрэн эрх хэвээр байгаа гэж үзэх ёстой юу, байхгүй гэж тооцох уу.
АТГ-ын цахим хуудас дахь Олон нийтийн зөвлөлийн гишүүн гэсэн хэсэгт дөрвөн жил зургаан сарын өмнө томилсон 15 хүний нэр байсаар байна. Тэгэхээр уг зөвлөлийг одоо ч байгаа гэж үзэх ёстой мэт. Хууль, журам үйлчилдэг ардчилсан улс гэдгээ бодвол тус зөвлөлийн гишүүдийн бүрэн эрх хүчингүй болсон мэт. Зөвлөлийн гишүүнд улс төрийн болон төрийн жинхэнэ алба хаагчийг дэвшүүлдэггүй. Гэтэл бодит байдал ямар байгааг харцгаая.

Ш.Цогтоо. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш байхдаа АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүнээр томилогдсон тэрбээр дараахан нь ГЕГ-ын Буянт-Ухаа дахь Гаалийн газрын даргаар ажиллаж байгаад 2013 оны арванхоёрдугаар сард Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон юм.
Р.Бурмаа. Уг зөвлөлийн гишүүнээр томилогдохдоо “Сонгогчдын боловсрол” төвийн тэргүүн, АН-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх өөр ажиллаж байсан тэрбээр 2012 онд УИХ-ын гишүүнээр АН-аас сонгогдсон. Одоо УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байна.
Ж.Батзандан. Тус зөвлөлийн гишүүнээр томилогдохдоо Төрийн ордны гадна жагсаж явсан энэ хүн одоо Төрийн ордонд суун, УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.
Ц.Энхцэнгэл. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хуулийн зөвлөх, хувийн “Чинсан заргач” хуулийн фирмийн захирлаар ажиллаж байхдаа АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн болсон энэ хүн одоо нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч, нийслэлийн АН-ын дэд даргын албан тушаалтай.
М.Ичинноров. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн орон тооны бус зөвлөх тэрбээр АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүнээр томилогдохоос ганцхан жилийн өмнө буюу 2008 онд Иргэний эвслээс УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн. Тус зөвлөлийн гишүүнээр томилогдоод нэг сар ч болоогүй байхдаа 2009 оны аравдугаар сард нийслэлийн Чингэлтэй дүүрэгт явуулсан УИХ-ын 24 дүгээр тойргийн нөхөн сонгуульд бие даан нэр дэвших гээд чадаагүй. Түүнийг СЕХ бүртгэж аваагүй билээ.
Г.Байгалмаа. Тухайн үед “Ардчилал” сангийн тэргүүн байсан энэ эмэгтэй өдгөө Барилга, хот байгуулалтын дэд сайдын алба хашиж байна. 2006 оноос өнөө хүртэл МоАХ-ны Удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа, тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, АН-ын ҮЗХ-ны гишүүн, Ардчилсан эмэгтэйчүүдийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээс дэд сайд болсон тэрбээр өдгөө АТГ-ын Олон нийтийн зөвлөлд байх ёсгүй, ашиг сонирхлын зөрчилтэй нэгэн болжээ.
Т.Хасбаатар. “Нэг ардчилал” клубийн тэргүүний хувиар нь Ерөнхийлөгч түүнийг АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүнээр томилсон. Гэтэл түүнийг 2011 онд Өвөрхангай аймгийн АН-ын даргаар сонгосон удаатай. Тухайн үед намаасаа УИХ-ын сонгуульд өрсөлдсөн Г.Батхүү, Д.Зоригт нарыг сонгуулийн хууль зөрчсөн гэж зарлаад намаасаа хөөгдсөн түүнийг 2011 онд тус зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх ёстой байв.
А.Баатархуяг. “25 дугаар суваг телевиз”-ийн Мэдээний албаны дарга байхад нь түүнийг Ерөнхийлөгч энэ зөвлөлийн гишүүнээр томилсон. Эхнэр нь Г.Уянга нь УИХ-ын гишүүн, өөрөө төрийн хэвлэл мэдээллийн төв байгууллага МОНЦАМЭ агентлагийн захирал болсон энэ хүн АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүний “давхар дээл”-тэйгээ байсаар байна.
.jpg)