- Сайд нарын “давхар дээл”-ийг дан болгох хуулийг 2014 оны долдугаар сарын 1-нээс мөрдөх саналыг дэмжлээ -

Цас, бороо, нэгээр тогтохгүй жагсаал. Тэнгэр хурмастын ёозгүй байдлыг үл анзааран МАН-ынхан сайд нарын “давхар дээл”-ийг тайлуулах гэж Төрийн ордны хаалган дээр уриа, лоозон, чанга яригч барин сүрийг үзүүлж байхад хэдхэн алхмын зайд монгол дээлийг улстөржүүллээ хэмээн хилэгнэсэн хэсэг нөхөр жагсав. Харин Төрийн ордноо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд сайд нарын “давхар дээл”-ийг тайлах зорилготой хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай энэхүү хуулийн төсөл гэдгээрээ илүүтэй танигдах болсон дээрх хуулийн төслийн хэлэлцүүлгээс МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн авсан тав хоногийн завсарлага өчигдөр дуусгавар болсон юм. Хэлэлцүүлгийн эхэнд “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг уг асуудлаар дахин гурав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан ч УИХ-ын дарга шаардлагагүй гэж үзсэнээр тус хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулж эхэлсэн.
Эл төслийн хүрээнд Засгийн газрын гишүүдийн 50-иас илүүгүй хувь, эсвэл ерөнхий чиг үүргийн сайд нар УИХ-ын гишүүний албыг хавсран гүйцэтгэж болох, 2014 оны долдугаар сарын 1, эсвэл 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газраас эхлэн хуулийг дагаж мөрдөх гэсэн тодорхой хэдхэн асуудлаар намын бүлэг, гишүүд санал нэгдэж чадахгүй, зарчмын зөрүүтэй байр суурь илэрхийлж буй. Ингээд зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулж эхлэхэд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Засгийн газрын гишүүдийн 50-иас илүүгүй хувь нь УИХ-ын гишүүний албыг хавсран гүйцэтгэж болно гэсэн санал оруулснаа татаж авсан. Санал хураалтын дүнгээр ерөнхий чиг үүргийн сайд нар УИХ-ын гишүүний албыг хавсран гүйцэтгэхээр болов. Дараа нь 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулах Засгийн газраас эхлэн хуулийг дагаж мөрдөх эсэх асуудлаар санал хураалт явуулахад ганцхан саналын зөрүүгээр олонхийн дэмжлэг хүлээж чадсангүй. Харин 2014 оны долдугаар сарын 1-нээс хуулийг дагаж мөрдөхийг санал хураалтад оролцсон 69 гишүүний 35 нь дэмжиж 50.6 хувийн саналаар сөрөг хүчнийхний зүтгүүлсэн хувилбар давуу байдал бий болголоо. Энэхүү санал хураалтын өмнө УИХын дарга МАН-ынхны шаардсанаар сайд нарыг хэлэлцэж буй асуудалтай ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл санал хураалтад оролцохгүй байхыг сануулсан. Гэхдээ ганц ч сайд танхимыг орхисонгүй. Санал хураалтад МАН-ын бүлгийн 26 гишүүн бүгд оролцсон. Харин сөрөг хүчнийхэнд дэм болсон санал өгсөн АН-ын гишүүд бол Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Р.Бурмаа, М.Зоригт, Ж.Батзандан нар.
.jpg)
Ийнхүү анхны хэлэлцүүлгийн үр дүн МАН-ынхны хүссэнээр болоход сөрөг хүчнийхэн алга ташиж байхад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр ширээгээ цохиж байгаа харагдсан. Юутай ч МАН-ынхан баярлаж байна. Гэхдээ эцсийн хэлэлцүүлэг гэж бий. Эцсийн хэлэлцүүлгээс хуулийг энэ хэвээр нь баталбал сөрөг хүчнийхний энэ “ялалт” баталгаажна. Гэвч хууль батлагдсанаар сайд нар дан дээлтэй болчих юм биш. Эл хууль Үндсэн хуулийн цэцэд дуудагдаж магадгүй талаар хууль тогтоогчид өөрсдөө хэдийнэ яриад эхэлсэн. Өчигдрийн хуралдааны үеэр ч энэ тухай хэд хэдэн гишүүн хөндөнө лээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Бид Үндсэн хуультай зөрчилдсөн хууль үйлдвэрлэж, түүнийг нь Цэц засварлах нь” гээд санал хураалтад оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Энд яригдаж байгаа асуудлаарх Үндсэн хуулийн заалт тун боломжийн. Би Н.Алтанхуягийн оронд байсан бол УИХ-аас хоёр, гурван сайд авч, бусдыг нь гаднаас бүрдүүлэх байсан. Үндсэн хууль дахь “Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байж болно” гэсэн нь зөвхөн боломж олгосон заалт.
Улс төрийн нөхцөл байдлыг хуулийн зарчимтай хутгаж хаячихаад түүндээ орооцолдож, хаашаа ч хөдөлж чадахгүй болчихоод байна. Ерөнхийлөгчийн оруулж ирсэн төсөл бол Үндсэн хуулийн заалтыг “хөмрүүлсэн” зүйл. Санаачилсан хүн нь төслөө татаж авах хэрэгтэй. Сонгуульд ялсан нам толгой хэдийгээ Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулдаг нь парламентат ёс тогтсон аль ч оронд байдаг жишиг. Нийтийн жишгээс гажууд зүйл яагаад хийх гээд байгаа юм бэ. Миний хэлж байгаа олон нийтэд таалагдахгүй байж мэднэ. Гэхдээ таалагдах өдөр ирнэ шүү” хэмээж байлаа. Мөн энэ талаар Ерөнхий сайд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ “Нарийн яривал Үндсэн хуулийн асуудал хөндөгдөх төвөгтэй зүйл” гэж мэдэгдэв. Үндсэн хуулийн зөрчилтэй гэж үзвэл тус хуулийг батлахгүй байх эрх нь УИХд бий. Мөн Ц.Нямдорж гишүүний хэлсэнчлэн эцсийн хэлэлцүүлгийн шатанд Ерөнхийлөгч төслөө татах хуулийн нөхцөл байгаа юм. Нөгөө талаас санаачилсан хуулийнх нь дагаж мөрдөх хугацааг наашлуулбал хориг тавина гэдгээ Ерөнхийлөгч мэдэгдээд буй. Юутай ч автор нь татаж мэдэх, “алдаатай” хуулийн төсөл анхны хэлэлцүүлэг давлаа.
Б.НОМИН