Засгийн газрын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээс “Шударга ёс” эвслийн авсан завсарлага дууссан учир өчигдөр чуулганаар уг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Сайд гишүүдийн өрөөний үүдэнд МАН-ынхан өчигдөр “Санал хураалтад оролцох юм бол 2016 онд ард түмэн таныг сонгохгүй шүү” гэж “сүрдүүлсэн” бичиг хадсан ч тусыг эс олов. Өнгөрсөн долоо хоногт тэд сайд-гишүүдэд санал асуулгад оролцохгүй байхыг уриалсан бичиг илгээсэн. Үүнийг нь АН-ынхан “УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан үйлдэл” хэмээн үзээд Халдашгүй байдлын дэд хороонд гишүүн С.Бямбацогтыг өгөхөө мэдэгдсэн юм. Тэдний сануулгыг сөрөг хүчнийхэн үл тоож буйгаа өчигдөр харуулсан нь энэ. Хариуд нь Засгийн газрын тухай хуулийн төслийн санал асуулгад оролцох нь ашиг сонирхлын зөрчил биш гэж үзсэн сайд нар ч бүрэн эрхээ эдлэв.
АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ МӨН ҮҮ, БИШ ҮҮ
Уг нь хуулийг зөвхөн Дээд шүүх л тайлбарлах эрхтэй. Гэвч манай улст өрчид асуудлыг ашиг сонирхолдоо нийцүүлэн тайлбарлаад хэвшчихсэн, дунд нь ард түмэн хэнийх нь зөв гэдгийг ялгаж, салгах гэж “зүдэрдэг” болчихоод байна. МАНынхны хувьд сайд-гишүүдийг дээрх хуулийн төслийн санал асуулгад оролцох ёсгүй гэсэн шаардлагадаа УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.6 дахь “Гишүүн шийдвэр гаргах асуудлаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл санал хураалтад оролцохоос сайн дураар татгалзах бөгөөд энэ тухайгаа хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэнэ” гэсэн заалтыг үндэс болгосон. Үүнийгээ “Оюутны тэтгэлгийн тухай хуулийн төслийг хэлэлцэхэд УИХ-ын дарга З.Энхболд Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол гишүүнийг хөөж гаргаж байсан” гэдэг жишээгээр “баталгаажуулсан”. Хариуд нь АН-ынхан ч тайлбар хийв. Дээрх заалтыг анхаарч уншвал “хувь хүний” гэсэн утга харагдана. Б.Бат-Эрдэнэ гишүүн “Аварга”, Д.Оюунхорол “Отгонтэнгэр” дээд сургуультай. Энэ бол тэдний хувийн бизнес. Тэгэхээр оюутанд тэтгэлэг олгох эсэх асуудал гарцаагүй хувийн бизнестэй нь холбогдож, ашиг сонирхлын зөрчил үүссэн учраас УИХ-ын дарга МАН-ынхны хэлснээр “хөөж” гаргасан гэсэн үг. Хэрэв Засгийн газрын тухай хуулийн хэлэлцүүлэгт сайд хүн оролцож болохгүй юм бол УИХ-ын тухай болон дэгийн тухай хуулийн санал асуулгад УИХ-ын гишүүд ч оролцож болохгүй, ашиг сонирхлын зөрчил үүснэ гэсэн “хөгийн” гаргалгаа гарах нь. Тэгэхээр энд хувийн бизнестэй холбоотой ашиг сонирхол яриагүй учраас МАНынхны шаардлага суларч байна. Нэг ёсондоо ашиг сонирхлын зөрчилд хамаарахгүй болж байгаа юм. Үндсэн хуульд заасны дагуу УИХ-ын гишүүн бол ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн ажиллах үүрэгтэй хүн.
ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
Намууд өөр өөрийн өнцгөөс асуудлыг тайлбарласан байна гээд дээрх хэсгийг үл тооё гэж бодъё. Тэгвэл яг энэ асуудлаар Үндсэн хуулийн цэц 2006 оны зургадугаар сарын 21-нд дүгнэлт гаргаад “Санал асуулгад оролцох нь ашиг сонирхлын зөрчил биш” гээд үзчихжээ. Дээр нь хөх тэнгэрээс өөр зүйл байдаггүй Цэцийн шүүн хэлэлцэж гаргасан дүгнэлт улстөрчдийн тайлбараас илүү бодитой. Тухайн үед УИХ-ын тухай хуулийн долдугаар зүйлийн 7.3.1, 7.3.3, 7.3.4, 7.3.5, 7.3.6 гэсэн таван ч заалт Үндсэн хууль зөрчсөн тухай иргэн Д.Ламжав Цэцэд өргөдөл гаргасан аж. Эдгээр заалтаар УИХ-ын гишүүний таслах эрхийг хязгаарласан байжээ. Цэц асуудлыг хэлэлцээд “Үндсэн хууль зөрчсөн” хэмээн үзэж, УИХ дүгнэлтийг хүлээн авснаар дээрх заалтуудыг хүчингүй болгосон удаатай. Дүгнэлтэд “УИХын тухай хуулийн долдугаар зүйлийн 7.3.6 дахь хэсэгт “Засгийн газарт итгэл үзүүлэх, түүнийг огцруулах асуудлаар санал хураах үед Засгийн газрын гишүүнээр томилогдсон УИХын гишүүн тус тус энэ хуулийн 7.1.5 -д заасан таслах эрхийг эдлэхгүй” гэж заасан нь Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн “УИХын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын эрх ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална, 29 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн “УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэсэн заалтыг зөрчиж байна” гэсэн 07 тоот дүгнэлт гаргасан аж. Энэ бүхнээс ашиг сонирхлын зөрчил, УИХ-ын гишүүний таслах эрх хоёр хоорондоо ялгаатайг харж болж байна. Тийм ч учраас сайд-гишүүд нь өчигдөр саналаа өгөв. Одоо сөрөг хүчин гаргасан дүгнэлтийнх нь эсрэг Цэцэд хандах юм болов уу.
С.ТУУЛ