-Өнгөрч буй долоо хоногийн хамгийн халуун сэдэв нь Ерөнхийлөгчийн санаачилсан “давхар дээлийн тухай” хууль байлаа. Санал хураалтын үр дүнг хүмүүс өөр өөрийнхөө өнцгөөс тайлбарлаж байна. Та энэ хуулийг батлуулахын төлөө эхнээсээ хатуу байр суурьтай байсан гишүүдийн нэг. Гэтэл та “дээл тайлахгүй” гэж санал өгсөн нь сонирхолтой байлаа. Хүмүүс танаас хариулт харж байгаа болов уу?
-Би энэ хуулийг батлуулахын төлөө байгаа. Зөвхөн хугацааны хувьд 2014 оноос эхлэн мөрдөх ёстой гэж бодож байсан зарчмын байр сууринаасаа л алхам ухарсан. Сүүлийн хоёр сар хөшигний цаана өрнөсөн улс төрийг анхааралтай ажигласны дараа ийм сонголт хийхэд хүрч байна. УИХ 2014 оноос мөрдөхөөр баталбал нэг бол энэ хууль огт байхгүй болох, эсвэл улс оронд хүсээгүй улс төрийн хямрал буй болох нөхцөл бүрдэж байна гэж би харж байна. “Чоно борооноор” гэдэг шиг бужигнуулж байгаа хүмүүс олон байна аа.
-Хууль огт байхгүй болно гэдэг нь?
-Хууль санаачлагчийн хувьд Ерөнхийлөгч нэг зүйлийг эхнээсээ ойлгомжтой хэлсээр ирсэн. Хуулийг мөрдөх хугацаа 2016 оноороо үлдэхгүй бол энэ хуульд хориг тавина гэж. Бас хуулийг татаж ч болох хувилбар яригдсан байдаг. Хоригийг УИХ хүлээж авах, эсэх дээр эргэлзээ гарвал хуулийг батлагдахаас нь өмнө эргүүлэн татчих хувилбар Ерөнхийлөгчид бий гэсэн үг. Өнгөрсөн онд Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг хэлэлцүүлгийн шатанд нь эргүүлэн татаж байсан явдал миний санаанд одоо ч тод хэвээрээ байна. Тиймээс энэ хуулийг батлуулах нь эхний том алхам гэж би ойлгож байгаа.
-Та бас улс төрийн хямрал үүсэх нөхцөл бүрдчихлээ гээд хэлчихлээ. Чухам ямар хямралын тухай ярьж байна?
-Засаг солигдож магадгүй үнэрээр элдвийн л үйл явдал өрнөж байна. Хамтарч засаг барьж байгаа эвсэл маань буурьтай байж чадалгүй дотроо задарч байна. Тэд хэрхэн хуваагдсаныг санал хураалтын дүн маш тодорхой харуулсан. Манай дотор ч мэдээж өөр санаа бодолтой хүмүүс байсан. Сөрөг хүчин МАН эрх барьж байгаа эвслийн энэ байдал дээр тоглох гэж их хичээж байна. Үнэн хэрэгтээ МАН ч дотроо зөрчилтэй байгаа. Хамтарч засаг байгуулах төлөвлөгөө боловсруулчихсан хэсэг хүмүүс байгаа гэдэг нь эргэлзээгүй. Нөгөө талд нь яасан ч засагт орохгүй шүү, зүгээр л эрх баригчдыг дотор нь бужигнуулах нь зөв гэсэн хүмүүс ч байгаа. Тэд аль ч хувилбараар нь явсан МАН-д ашигтай гэж үзэж байгаа учраас энэ удаагийн санал хураалтад зуун хувийн ирцтэйгээр багцарч оролцсон. Өөрөөр хэлбэл МАН эрх баригчдын хагарал дээр тоглохыг урьдал болгож байгаа. Ийм нөхцөлд 1996-2000 оны улс төрийн тогтворгүй байдал давтагдах эрсдэл үүсч байна гэж бодож байна. Харамсалтай нь ийм тогтворгүй байдал зарим улстөрчдөд ашигтай, бас улс орны эдийн засагт, хүмүүсийн амьдралд ямар ачаа дарамт болохыг бодохыг ч хүсэхгүй байгаа хүн олон байна. Тийм хүмүүс “Муу л бол сайн” гэж тоглоом шоглоомоор хэлж байдаг нь нууц зүйл биш шүү дээ.
-Нэгэнт эвсэл найдваргүй түнш болчихоод байхад хоёр том нам нь эвсээд явчихвал харин ч дээр биш үү?
-Эхнээсээ гэрлэе гэж бодоогүй, санаа сэтгэл нийлээгүй, замын дундаас санамсаргүй нэг гэрт орсон хоёр хүний амьдрал ямар байх вэ? Ядахад хоёр талын хадам, худ ургууд дотор нь гэрлэлтийг нь дэмжихгүй, эсвэл зүгээр л ашиглах бодолтой баахан хүмүүс байвал тэр айлын амьдрал цэцэглэх үү? Өнөөдөр МАН-тай эвсэх цаг нь биш гэж би бодож байна. УИХ-ын бүрэн эрх дундаа орж байна. Улстөржихгүйгээр ажил хийж болох хугацаа үндсэндээ ганцхан жил л үлдэж байна гэж болно. Ийм үед АН, МАН-тай ойлголцож засаг байгуулах гэж, эсвэл засгаа байгуулж чадахгүй дотооддоо талцаж тамираа барж байх биш, сонгуулиар иргэдэд амласан ажлаа хийж хэрэгжүүлэхэд л хамгийн их анхаарах ёстой цаг. Бид бусдын тоглолтод автаж бужигнах биш, өөрсдийнхөө толгойгоор зоримог бодож, аль болох хурдтай ажиллах л хэрэгтэй байна. Улс орны өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал үүнийг шаардаж байна.
-Нөхцөл байдал үүнээс өөрөөр эргэх боломж байсан гэж үү? Та хуулийг 2014 оноос хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байсан шүү дээ. Тэр үед өнөөдрийнх шиг ийм нөхцөл байдал үүснэ гэж тооцоолоогүй юу?
-Мэдээж МАН-тай эвсэх асуудал гарч ирэх магадлал эхнээсээ л байсан. Гэхдээ асуудлыг МАН-ын тоглолт болгоод хувиргачихгүй, эрх баригч эвсэл дотооддоо залах боломж байсан уу гэвэл байсан. Би үүнийг л харж, хүсч байсан. Уг нь санаагаар болдог бол, эрх барьж байгаа олонх нэгдмэл байр суурьтай болж чадсан бол давхар дээл тайлах асуудлыг 2014 оноос хэрэгжүүлэхээр баталж, үүгээрээ дамжуулаад олон асуудлыг шийдэж болох байсан. Манай нам ИЗНН, “Шударга ёс” эвсэлтэй нийлээд 47 гишүүнтэй. Бие даагч гурав бас албан бусаар бидэнтэй хамтран ажилладаг гэж ойлгодог. Энэ 50 хүн Төрийн байгуулалтын байнгын хороон дээр сүүлд яригдсан хувилбараар Засгийн газрын 50 хүртэл хувийг УИХ-ын гаднаас бүрдүүлээд, хуулиа 2014 оноос хэрэгжүүлье гэж ойлголцож чадсан бол бид Засаглалын хямралыг Засгийн газрын хямралтай нь хамтад нь эртхэн засаад явж болох байлаа. Засгийн газар институцийнхээ хувьд хариуцлагатай болоод зогсохгүй, зарим хариуцлагагүй ажиллаж байгаа сайд нараа ч “огцорсон” гэсэн хар толбогүйгээр ажлыг нь өгүүлж болох хувилбар байна гэж би намрын чуулганы хугацаанд харж байсан. Тиймээс ч энэ зүгт явах ёстой гэсэн байр сууриа тодорхой илэрхийлж байсан.
-Зарим хэвлэл сайтаар таныг хэлсэн амандаа байж чадсангүй, 2014 он гэсэн байр сууриа өөрчиллөө гэж бичиж байна. Намынхаа удирдлагын шахалтад орчихов уу? Уг нь таны өмнө илэрхийлж байсан байр суурь хүмүүст нэлээд таалагдаж байсан гэж бодож байна?
-Улстөрч хүнд амаргүй сонголтуудын өмнө ирэх үе байдаг. Би хэрвээ нийгэмд таалагдахаа урьдал болгосон бол 2014 гэсэн байр суурин дээрээ үлдэж болох байсан. Эцсийн мөчид яагаад 2016 он нь дээр болчихлоо гэж үзэх болсноо сая хэллээ шүү дээ. Товчхондоо бидний амьдрал, улс орны эрх ашиг үүнийг шаардаж байна. Намын удирдлагаас дуудаад дарамтлаад байсан зүйл огт байхгүй. Бид намынхаа дотоод ардчилалд шүүмжлэлтэй хандах үе байдаг ч Ардчилсан нам арай ч гишүүдийнхээ хэлэх үг, хийх үйлдлийг зааж цагдахдаа тулаагүй. Харин сонирхуулж хэлэхэд над руу манай намаас биш, МАН-ын бүлгээс дарамт үзүүлэх гэж багагүй оролдсон шүү. Яг санал хураалт болохын өмнө хүртэл “хэвлэлээр илэрхийлсэн байр сууриа санаарай” гэсэн мессежүүд ирүүлж байсан. Би өөрийн бодолтой хүн шүү дээ. Монголд тулхтай улс төрийн хүчин л хамгийн хэрэгтэй байгаа цаг. МАН-ынхан дотроо учраа ололцож, хариуцлагатай улс төрийн хүчин болохын төлөө ажиллахын оронд бусад нам дотор орж ирж бужигнуулахыг урьдал болгоод байгаа нь харамсалтай.
-Миний ажигласнаар та нэг их намчирхаад байдаггүй гишүүдийн нэг. Заримдаа өөрийн намаа ч шүүмжилж байгаа нь харагддаг. Гэтэл энэ удаа Ардчилсан намын гишүүнийхээ хувьд их л хатуу байр сууринаас ярьж байх шиг санагдлаа?
-Надад тэгтлээ их намчирхаад байх бодол байхгүй. Би үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэргэшсэн, үндэсний эрх ашиг бүхнээс түрүүнд байх ёстой гэж үздэг, ямар ч асуудалд энэ л байр сууринаас хандахыг боддог. Тэгээд ч эх хүний хувьд би энэ улс орны ирээдүй сайн сайхан байгаасай, үр хүүхэд минь илүү сайхан нийгэмд амьдраасай гэж бодож л энэ улс төрийн хатуу ширүүн тогоон дотор өөрийнхөө үзэл бодлоор шийдвэрээ гаргахыг эрмэлзэж яваа. Улс төрийн намууд, монголчууд бид бие биеийнхээ дайсан биш шүү дээ. Улс орны эрх ашиг шаардаж, цаг үеийнхээ шаардлагад нийцэж байвал хэн нь ч хэнтэйгээ эвсэж болно. Тэр тусмаа Монгол Улс сонгуулийн холимог тогтолцоотой болсон. Сонгуулийн дүнгээр АН, МАН эвсэх нь илүү сайн хувилбар байх нөхцөл бүрэлдэж ч болно. Гагцхүү цаг нь зөв, сэдэл нь зөв байх нь л чухал.
-Гэсэн ч давхар дээл тайлах хугацаа таны хүссэнээр 2016 он биш, 2014 он байхаар нэгдсэн чуулганаар шийдчихлээ шүү дээ. Улс төр цаашаа яаж өрнөнө гэж та бодож байна?
-УИХ хуулийг хэлэлцэж дуусаагүй, батлаагүй байна. Тэгээд ч Ерөнхийлөгч хэлсэн ёсоороо хориг тавих байх гэж бодож байна.
-Ярилцсанд баярлалаа.
Б.ТҮВШИН