Сайд нарын “давхар дээл”-ийг тайлах хуулийн төслийг өнгөрөгч долоо хоногт хэлэлцэхэд Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарыг толгойлж буй Х.Баттулгаас бусад сайд нар санал хураалтад оролцсон. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шалгуулахаар иргэн Б.Цэрэн Үндсэн хуулийн цэцэд ханджээ.
Тэрбээр Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин, Ч.Улаан, Л.Болд, С.Оюун, Н.Батбаяр, Ч.Сайханбилэг, Ц.Баярсайхан, Д.Ганхуяг, Ц.Оюунгэрэл, Я.Санжмятав, М.Сономпил, Л.Гантөмөр, С.Эрдэнэ нар санал хураалтад оролцож, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 91.6, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8.2 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байгаа аж.
Мөн эдгээр гишүүн ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн ямар ч мэдэгдэл гаргалгүйгээр санал хураалтад оролцож, өөрийгөө 2016 он хүртэл Засгийн газрын гишүүнээр ажиллаж болохоор санал өгсөн нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзжээ.
Б.УРАН