Өчигдрийн нэгдсэн хурал даанаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн санаачилсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Өнгөрсөн онд батлагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт сайн, үр дүнгээ өгч байгаа ч тамхи борлуулах цэгт тодорхой зааг гаргасан нь тамхины худалдааг далд бизнес болгож байна, тамхи татах тусгай цэггүй байна зэрэг олон шүүмжлэл дагуулж байсан учраас тамхи татах зөвшөөрөгдсөн цэгтэй болох, тамхины худалдааг зохицуулахаар тусгасан.
Тухайлбал, тамхи татах зөвшөөрөгдсөн цэг нь утаат тамхи татах зориулалтаар тусгайлан бэлдсэн, агааржуулалттай тасалгаа байна гэж тусгажээ. Мөн сургууль, цэцэрлэгээс 500 метрийн зайд тамхи худалдаалахыг хориглосон заалтад өөрчлөлт оруулж, зайг нь 500 алхам болгохоор төсөлд тусгаад байсан юм. Эл төсөл анхнаасаа нэлээд эсэргүүцэлтэй тулгарч байсан ч холбогдох Байнгын хорооны хуралдаанаас “хэлэлцэх нь зүйтэй” хэмээн дэмжсэн. Гэвч төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх нэгдсэн хуралдаанаас дэмжлэг хүлээж чадалгүй, төрхөмдөө буцлаа.
Мөн энэ өдөр “Амгалан” дулаа ны станцын тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. Тус станц баригдсанаар Зүүн дөрвөн замаас зүүн тийш дулааны шугамд шинээр холбох 20 мянган айл өрхийн дулааны хэрэгцээ, цаашид нэмэгдүүлэх, сайжруулах шаардлагатай 120 Г/кал цагийн ачааллыг бүрэн хангах юм байна. Түүнчлэн Баянзүрх дүүргийн найм, аравдугаар хорооны гэр хорооллыг дахин төлөвлөхтэй холбоотойгоор баригдах шинэ хорооллын дулааны асуудлыг шийдвэрлэх юм. Станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд олон нэр төрлийн тоног төхөөрөмж шаардагдахаас гадна тэдгээрийг дотоодын үйлдвэр компаниудаас хангахад хугацаа алдах, заримыг нь дотоодоос нийлүүлэх боломжгүй зэрэг шалтгааны улмаас импортоор оруулж ирэх тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлүүлэхээр УИХ-д асуудал оруулсан нь энэ. Төслийг өчигдрийн нэгдсэн хуралдаанаас дэмжлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Бүтээн байгуулалт нэрээр татвараас чөлөөлөх асуудал орж ирж байна” хэмээн шүүмжлэхэд Эрчим хүчний сайд М.Сономпил “Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийхэд хэцүү байдаг. Эрчим хүчний үнэ тариф бага байдаг учраас хувийн хөрөнгө оруулалтаар буюу концессоор хийгдэж байгаа энэ үед татварын асуудал хүнд дарамт болдог. Цаашид V болон Эгийн голын станцыг барихад ч татвараас чөлөөлөх асуудлыг тавих болно. Хувийн хөрөнгө оруулалтыг татварын бодлогоор дэмжих ёстой” гэв.
Түүнчлэн энэ өдөр Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Үүгээр Хадгаламж зээлийн хоршоо (ХЗХ)-дын хохирлыг барагдуулах эрх зүйн орчныг зохицуулж байгаа юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “ХЗХ- нуудыг дампууруулсан эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцох ёстой. Хохирлын 50 орчим хувийг барагдуулсан. Үлдсэнийг нь эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр барагдуулж байгаа ч 100 хувьд хүрч чадахгүй. ХЗХ-ны араас Хөгжлийн банк явах байх. Иймэрхүү маягаар төр, ард түмний мөнгийг үрэн таран хийдэг тогтолцоо бий болоод байна” гэхэд Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж “ХЗХ- ны хэрэг зохион байгуулалттай луйвар байсан гэж хардаж болохоор байна. Үүнтэй холбоотой бүх хүнийг шалгаж байгаа гэж Хууль зүйн яамныхан мэдэгдсэн” гэлээ.