АНУ-ын Төвийн командлалд манай Зэвсэгт хүчнээс хоёр хүн Үндэстний холбогч офицероор ажилладаг юм. Монгол Улсын Зэвсэгт хүчин олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцох болсноос хойш манай олон генерал, хурандаа нар тус командлалд сууж ирсэн. Одоо тэнд ЗХЖШын дарга асан, дэслэгч генерал Ц.Тогоо, ахмад Э.Гансүх нар холбогч офицероор ажиллаж байна. АНУ-ын Конгресс цэргийн зардлаа танаж эхэлсэнтэй холбоотойгоор Төвийн командлалд суугаа Үндэстний холбогч офицеруудын орон тоог багасгаж буй аж. Тиймээс манай хоёр офицерийн нэгийг үлдээж, нөгөөхийг нь буцаах гэнэ. Хэнийг үлдээхээ манай Батлан хамгаалах яамны саналаар шийдэх юм байна. Тус яам хавиар тарсан мэдээллээр манайхан дэслэгч генерал Ц.Тогоог татахаар болж буй сурагтай. Дэслэгч генерал Ц.Тогоо нь Монголын Зэвсэгт хүчин олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн нэгэн юм. Ахмад Э.Гансүх нь БХЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газарт ажиллаж байсан аж. Энэ залуу УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдын хүргэн юм байна. Аав Б.Эрхэмбаяр нь хурандаа цолтой, одоо Казахстанд суугаа Монгол Улсын Элчин сайдын яаманд Консулаар ажилладаг юм.