ЭМЯ-ны дэргэдэх ТАЗ-ийн Салбар зөвлөлөөс зарласан Гэмтэл, согог судлалын үндэсний төв, Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв (БОЭТ)-ийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалт энэ сарын 22-24-нд гурван үе шаттай боллоо. Өвөрхангай аймаг дахь БОЭТийн захирлын сонгон шалгаруулалтад хоёр, ГССҮТ-ийн ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад Хавдар судлалын үндэсний төв, Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн захирлаар ажиллаж байсан А.Мөнхтайван (ГССҮТ-ийн захирлаар томилогдсоныхоо дараахан энэ албан тушаалаас татгалзсан), ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан Р.Энхсайхан, гавьяат эмч, анагаах ухааны доктор, дэд профессор З.Мэндсайхан нарын зургаан хүн оролцохоор материалаа ирүүлжээ. Тэднээс З.Мэндсайхан сонгон шалгаруулалтад тэнцсэн тул төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгүүлэх, ГССҮТ-ийн ерөнхий захирлаар томилуулахаар нэр дэвшүүлэх саналыг ЭМЯ-ны дэргэдэх ТАЗ-ийн Салбар зөвлөлд хүргүүлээд байгаа аж. Тус албан тушаалд өрсөлдөх хүмүүст энэ удаа анагаах ухааны боловсролтой, эрүүл мэндийн салбарт 15 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх зэрэг шалгуур тавьсан юм байна.