ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажавыг тэтгэвэрт нь гаргаж, түүний оронд шинэ дарга томилно хэмээн БХЯ, ЗХЖШ-ынхан ярилцах боллоо. Тэдний ярьж буйгаар Ц.Бямбажав генералыг чөлөөлөх мэдэгдлийг Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаас өгсөн гэх. Түүний оронд ЗХЖШ-ын Цэргийн хангалт, үйлчилгээний газрын дарга, бригадын генерал Д.Давааг томилохоор ярьж буй гэнэ. Харин өөрийнхөө оронд ямар хүн томилох саналтай байгааг ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажаваас тодруулахад “Бригадын генерал Л.Онцгой баярыг томилох санал байна” гэж ярьсан тухай эх сурвалж хэлэв. Мөн ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнайг ч албан тушаалаас нь чөлөөлөхөөр болсон гэж шивнэлдэж байна. Тэрбээр Африкт НҮБ-аас явуулж буй цэргийн ажиллагаанд хүчний командлагчаар томилох санал ирсний дагуу явахаар болж, ээлжийн амралтаа авч бэлтгэлээ базааж буй гэнэ. Харин түүний оронд ЗХЖШ-ын Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Р.Сүхбатыг томилохоор ярьж байгаа гэлцэнэ. Мөн Ерөнхий зориулалтын цэргийн командлалд Ховд нутгийн залуу, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Гансэлэмийг томилох, генерал цол руу зүтгүүлэх тухай дээрх хоёр байгууллагын офицерууд ярьж байна.