Хэрвээ нээрэн хонин улс гэж байгаад чонон сайд нарыг сонгосон гэж бодвол тэд нар хонин улсынхаа хонгыг нь ухаж, хоолой багалзуурыг урж сэглэж л таарна. Алтан олбог дээр залсан ч чоно хэзээ ч хонь болчихгүй. Тэр үхэн үхтлээ чоно л байх болно. Үхсэн хойноо ч араа соёо нь арзайсан чонын яс үлдэнэ. Тэр яснаас нь амьд хоньд ч айж үргэсээр байх болно. Чоно ямар гээч амьтан болохыг хонь бүхэн энэчлэн мэддэг шиг манай сонгогчид өнөөгийн төр засгийн олонх болсон сайд түшээдийн санаа сэтгэлд чухам юу бодогдож, тэд чухам ямар амьдрал руу төр улсаа хөтлөхийг мэдэж л байсан. Мэдэж байгаад л сонгож орхисон. Үнэнийг үнэнээр нь хэлбээс тэдний зарим нь худлаа ярина гэдгийг сонгогчид мэдэж л байсан. Гэвч намаа бодоод сонгож л орхисон. Тэгээд тэд худлаа ярьж л байна. Луйвардана гэдгийг мэдэж л байсан, сонгож л орхисон, тэгээд лүйвардаж л байна. Хуйвалдана гэдгийг мэдэж л байсан, сонгож л орхисон, тэгээд хуйвалдаж л байна. Тэрмэтчилэн тэдгээр нөхөд өөр өөрийн санагалзах л ёстой зүйлээ санаж байна. Санагалзсан бүхнээ хийж байна. Тэд байгаагаараа л байж байна. Монголын улс төр тэднийг дагаад намирч байна. Эдүгээ улсын хөгжил уруудлаа л гэнэ. Төрийн ажил түгжирлээ л гэнэ. Үнэ ханш тэнгэрт хадсан л гэнэ. Өр гэдэг толгойтой үснээс их боллоо л гэнэ. Энэ бүхэн үнэн биз. Гэвч эзэнгүй бэлчсэн хонийг барьж идлээ гэж өлөн чоныг буруутгах нь юусан билээ. Чухамдаа бол үнэнийг үнэн биш болгож бүхий хэлмэгдүүлэлт болох бус уу? Тийм биз. Түүн лүгээ нэгэн адил хийх л гэснээ хийж бүхий Засгийн газрыг холино солино гэх нь үнэн юм үнэнээрээ байх талаасаа бол яалт ч үгүй хэлмэгдүүлэлт болчих гээд байна.
Яагаад гэвэл улсыг уруудуулж, төрийг төөрөлдүүлэх тийм л төр засгийг сонгочихсон мөртлөө сонгоогүй юм шиг яллаж зэмлэх нь шударга ёсонд нийцэх юм уу? Юманд бодитой хандах талаасаа бол буруутныг бус буруутныг өөгшүүлсэн буруутныг олж шүүх ёстой мэт. Үүгээр юу хэлэх гэж байна гэвэл монголчууд өнөөдөр эдлэх учир тай үйлийн лайгаа эдэлж л байна гэж хэлэх гэсэн юм. Яс үнэнээр нь өгүүл бэл Монголын өнөөдөр гэдэг чинь Ард чилсан намын санаа, “Алтан гадас”ын унаа, МАХН ба “Шударга ёс” эвслийн аз, Ардын намын сэтгэлийн зовлон. Би ингэж л харж байна. Мөн биз. Харин энд харгалзан үзүүштэй, үзүүртээ бас уртаас урт углуургатай нэгэн “ но” цухалзаад байгааг л зориуд хэлэх байна. Миний энд хэлэх гэсэн санаа олон хүний дургүйг хүргэх байх. Гэвч хэлье. Н.В.Гоголийн “Амьгүй албат” гэж алдартай зохиол байдаг шүү дээ. Тэр зохиолын санаагаар утга тэнцүүлэн нэрлэвэл улс төрийн “амьгүй албатууд” Засгийн газрын гол гол суудал дээр сууж харагдаад байна. Нэрлэсэн ч болно. 2012 онд Н.Алтанхуягийн төлөө хэн хэн гэгч сонгогч нэр зааж санал өгсөн билээ? Хэн ч тухайлан түүний нэр дээр шууд санал өгөөгүй юм чинь “би” гэх хүн байхгүй.
Гэтэл тэр хүн эдүгээ УИХ ын гишүүн бөгөөд Засгийн газрын Ерөнхий сайдын суудалд сууж байна. Тэр зүс царай, үзэл бодол, намтар түүхээ хүртэл сонгогчдод мэдүүлээ гүй атлаа гэнэтхэн л төрд ороод ир сэн. Зөвхөн данс бүртгэлд бичигдсэн нэрээр л ороод ирсэн. Тэгээд л Н.В.Гоголийн амьгүй албат гэдэгтэй адилтгаж байгаа юм. Энд Н.Алтанхуяг Ерөнхий сайдыг тусгайд нь өөчилж гоочлох гэсэндээ биш бусдаас илүү олон түмэнд нэр нь танигдсан том хүн гэдгээр нь жишээ татлаа. Цаана нь ”Давхар дээл нөмөрсөн” гэх Засгийн газрын 17 гишүүний долоо нь ийм л “амьгүй албатууд” байна. Харин УИХ ын дүнгээр бол 28 “улс төрийн амьгүй албат” сууж байгаа. Тэд нар цөмөөрөө мөхөс мулгуу улс гэж ад шоо үзэж байгаа хэрэг огт биш. Бас тэдгээр 28 нөхрийг бүгдийг нь тойрогт өрсөл дүүл сэн бол эдүгээ лааз өшиглөх байсан зарим нөхөд хамгийг мэддэг том эрхтэн дархтан болчихоод байна гэдэг талаас нь ч хандаагүй байна. Шахааны хүмүүс гэдэг талаас нь онцолж байна. Бодоод байхад эд нар бол намаас нь төрд түлхэж оруулсан шахааны улстөрчид мөн байна. “Шахааны улстөрчид” гэж нэрлэх нь мөн биз. Бас харийн инженерийн уран нарийн ухаанаар санал тоолох хайрцагнаас гарч ирсэн бортогоны улстөрчид бий гэж яригдаад байгаа. Ер нь манай улс төрд юу гээч нь болоод байгаа юм бол оо? “Бортгоноос төрсөн улстөрчид” гэж инээдтэй байгаа биз. Ингээд үзэхээр монгол төрийн сонгууль нь “шахааны бизнес” болсон юм биш үү?!
Улс төр гэдэг нь ашгийн төлөө тэмцдэг онцгой бизнес мөн байдаг талаас нь харвал монгол төрийн сонгууль нэгэн төрлийн “тендерийн наймаа” болсон гэвээс зохилтой. Дээр дурдсан тэр мэт баримт сэлтийг жаахан томруулаад харвал Монголд “шахааны төр засаг” гээч шинэ загварын төр бий болсон шиг байна. Гэвч би улаан цайм тэгж хэлэхгүй. Тийнхүү нам мамаараа дамжуулан шууд бус аргаар төр барилцахыг зөвшөөрсөн ямар заалт манай Үндсэн хуульд байдгийг мэдэхгүй учраас л ингэж будлиад суугаа юм. Миний ойлгож явдгаар бол Монголын сонгогчид тун арга ядлаа гэхэд төрийнхөө түшээдийн улаан нүүрийг харж, овог нэрийг нь мэдэж авч байгаад шууд л сонгодог байвал зүгээр байгаа юм. Эс тэгвээс аль нэг намын нэр бариад ямар нэгэн луйварчин гараад ирэхийг байг гэх газаргүй.
Монголд улс төрийн бизнес үндэсний гамшгийн хэмжээнд хүрч, ”ардчиллын арьс” нөмөрсөн анархизм тогтчихсон юм шиг байна. Тэгээд л Хүннү түмний удам хэмээн омогшдог өнөөдрийн хөх толбот Монголыг хорвоогийн хамаг зовлон нөмрөөд авах шиг боллоо. Монгол эх орон зовж байна. Монголын ард түмэн зовж байна. Монголын байгаль дэлхий зовж байна. Монголын ардчилал зовж байна. Монголын зах зээл зовж байна. Монголын төр засаг зовж байна. Монголын улс төрийн намууд зовж байна. Зовлон бүхнийг таригч эзэн нь ч тов тодорхой болж байна. Тэр гадаадад бус, дотоодод байна. Хол бус ойрхон байна. Ходоодонд бус толгой дотор байна. Түүнийг мэдэж цөхөх юмгүй илэрхий байна. Хамаг зовлонгийн тэр эзэн гэгч бол “ханаж цадахыг мэддэггүй эрх ямба, албан тушаалын ховдог хар шунал” гээч луйварчин араншин. Дахин хэлье. Ханаж цадахыг мэддэггүй эрх ямба, албан тушаалын ховдог хар шуналаас болж Монгол гэдэг бидний энэ улс айдас хүйдэс ихтэй зовж байна. Айхгүй байхын арга алга. Аймаар айхтар хуйвалдаан хүртэл болдог болсон байна. Өнөөдөр төрийн эрх барьж байгаа үндсэн хоёр нам болох МАХН, АНын дунд болон урт хугацаанд хамтран ажиллах тухай түншлэлийн шинэ гэрээний нууцалсан эх ноорог ил боллоо. Монголын ард түмнийг түгшээлээ.
Мөнөөх Эдвард Сноудений задалсан тагнуулын нууц мэдээлэл барууны төрийн өндөр дээд тушаалтнуудыг бажигдуулсан шиг энэхүү ноорог төсөл өнөөгийн эрх барьж бүхий олонхийн зүтгэлтнүүдийг самгардууллаа. Үнэмшмээргүй атлаа үнэн байсанд нь сэтгэл түгшиж байна. Анх энэ тухай “Өнөөдөр” сониноос уншаад үнэмшээгүй. Хэн нэг нь золигтож байна л гэж бодсон. Гэтэл МАХНын Ангараг гэдэг даргын ярилцлагад “Ер нь бол МАХН, АНтай хамтран ажиллах гэрээтэй ш дээ. 2012 оны сонгуулийн дараагаас хамтран ажилласаар ирсэн. Хамтран ажиллах гэрээндээ өөрчлөлт оруулж, гэрээгээ улам сайжруулах санаа байсан. Гэрээг хэн ил гаргасныг нь мэдэхгүй.... Ил гарсан гэх яг энэ гэрээний хувьд хоёр талын гарын үсэг зурах эрх бүхий хүмүүс болон гэрээн дээр ажилласан хоёр хүн л мэдэж байгаа асуудал” гэснийг нэгэн сайтаас олж уншаад ийм төсөл гар дамжин явсан нь яалт ч үгүй үнэн юм байна гэж итгэлээ.
Нэгэнт иймдээ тулсан бол энэ Засгийн газар тэсэхгүй байх. Унахдаа хүрвэл дотроосоо задарч унана. “Давхар дээл”ний тухай гэгч хуульингэж унахын дохио санамжийг нэгэнт өгсөн. Мөнөөх “Эрх ямба, албан тушаал гээч ховдог хар шунал” энэ удаагийн Засгийн газрыг ийнхүү залгих гэж байна. Цаашлаад энэ Парламентыг ч залгиж мэднэ. “Эрх ямба, албан тушаалын ховдог хар шунал” гэдэг чинь улс төрийн тахал байгаа юм. Энэхүү тахал бүхнийг түймэр мэт хуйхлан залгина. Залгиж болмооргүй зүйлийг ч залгидаг байгаа юм. Энэ бол зөвхөн Монголд гарсан биш дэлхий дахиныг хамарсан тахал. Зөвхөн одоо цагийн тахал биш он цагийн уртыг туулсан бараан түүхтэй тахал. Яваандаа хүн төрөлхтнийг залгиж сөнөөх аюул хөнөөлийг улс төрийн тахал дотроо агуулж байгааг их мэргэд нуудаггүй.
Нэрт сэтгэгч К.Р.Поппер бээр эрх ямба, албан тушаалын шунал нь эд мөн гөний шуналаас илүү аюултайг олж харсангүй гэж К.Марксыг зэмлэсэн байдаг. Одоо эргэн бодоход Ирак, Араб, Хойд Африкийн улс түмний амар амгалан амьдралыг тэрхүү гайхал эрх мэдлийн төлөөх шунал л залгиж орхисон. Тэнгэрийнхээ зулайг цоолж, дэлхийнхээ хэвлийг хоосолсон өнөөгийн тэр мэт хямралт байдлын ар талд мөн л улс төрийн ховдог хар шунал зогсож байгаа. Эдүгээ Монголыг минь мөс жудагтай нь хамт залгиж байна. Үнэхээр л “Өөд нь хаясан чулуу өөрийн толгой дээр бууна” гэгч болж байгааг эгэл түмний зовлонт амьдрал нотолж байх мэт ээ! Өөд нь хаясан чулуу гэж үүний түрүүчийн УИХаар баталсан Сонгуулийн хуулийг хэлж байна. Бүх гэм нүгэл сонгуулийн энэхүү зальтай хуулийн завсраас ургаж гараад байх шиг байна. Хувь тэнцүүлсэн сонгууль гэг чийг сүүдэр талаас нь харвал нэр төртэй сайн намын далбаан дор зарим нэг хуудуу ихтэй этгээдийг төрд шургуулах луйвар мөн гэмээр байна. “Пропорционал “хэмээх мате матикийн хичээлийн эгэлхэн нэр тэй энэ хувилбарыг ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн үнэнч шударга зүтгэлтнүүд бодож олоогүй биз. Яагаад гэвэл энэ чинь луйврын хувилбар мөн шиг байна. Ер нь л олон түмэнд үнэлэгдэх нэр нүүргүй, эл дол болсон нөхөд л төрийн эрхэнд хэд хоног боловч хоргодох гэж түүнийг анх санаачилж нэвтрүүлсэн байлгүй.
Харин эдүгээ УИХд сууж байгаа жагсаалтаар тодорсон манай төрийн түшээдийг эл дол болсон эрхмүүд гээгүйг минь болгоохыг хүсэж байна. Олон улсын хэмжээнд анх санаачил сан тухайд нь тийн хэллээ. Монголын төрийг алсдаа айхтар сүрхий гутааж мэдэх энэ луйврыг эртхэн орхисон нь дээр. Сонгуулийн хуулийг өөрчлөн янзлахдаа чадаж гэмээнэ хувь тэн цүүлсэн хэлбэрийг хэрэглэх эсэх тухай бүх нийтийн санал асуулгаар шийдвэл бүр оновчтой гэж бодож байна. Энэхүү нийтлэлд орсон эрх ямба, албан тушаалын шуналын тухай болон намын нэрээр сонгодог улс төрийн шахааны тухай санаа бодлыг хөгшин би л хөндөхгүй бол өөр хэн бичих билээ гэж бодоод бичиж орхилоо. Гэвч “Тэмээ туйлаад тэнгэрт хүрэхгүй, ямаа туйлаад янхирцаг эвддэггүй” гэдэг юм. Өвгөн миний санал яг үнэндээ бол ямаа туйлахтай агаар нэгэн буй.
Хорлоогийн ЦЭВЛЭЭ