Монгол Улс Зүүн өмнөд Азийн орнуудтай найрсаг харилцаагаа хөгжүүлэх, Ази, Номхон далайн бүс нутгийн олон талт яриа хэлэлцээний интеграцид нэгдэн орох явцыг идэвхжүүлэх зорилтын хүрээнд Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг тус бүс нутгийн орнуудаар айлчилж буй. Тэрбээр Камбожийн Вант улсад очиж, хоёр улсын Гадаад харилцааны яамд хоорондын анхны зөвлөлдөх уулзалтыг тус улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Лун Висалотай хийлээ. Хоёр улс 1960 онд дипломат харилцаа тогтоосон боловч сүүлийн гуч гаруй жил зогсонги байсан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг шинэ нөхцөлд зохицуулан бүхий л бололцоотой салбарт идэвхжүүлэн хөгжүүлэхийн чухлыг талууд харилцан тэмдэглээд, энэ хүрээнд ГХЯд хооронд хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурав.