УИХ дахь АН-ын бүлэг хуралдах бүртэй ширүүхэн маргах болов. Энэ нь “Тэдэнд эрх барих боломж зохидоггүй. Тарж бутрахад хүргэдэг” хэмээн цэцэрхэгчдийн таамаглалыг батлах аж. Тухайлбал, өнгөрсөн даваа гаригт УИХ дахь АН-ын бүлэг оройн 21.00 цаг өнгөртөл хуралдаж, төмөр замын царигийн асуудлаар маргасан байна. Сонирхолтой нь дээрх асуудлын хувьд чухал хүн болох ҮХАА-н сайд Х.Баттулга 19.00 цагийн үед бүлгийн хурлыг орхин гарчээ. Харин хэр жинтэй үг хэлчихээд, ямархуу царай зүстэй гарсныг хаалттай хуралдаанд оролцогсдын “үзэмж”- ээр таамаглах нь илүүц биз ээ. Мөн “Аливаа асуудлаар санал өгөхдөө аль намаас нэр дэвшиж энэ “өндөрлөгт” хүрснээ нэгэнтээ бодчихож байгаарай” гэж зарим гишүүн хатуухан сануулаад авсан гэнэ. Чухам хэн, хэнд энэ сануулга хамаатайг уншигчид хэдийнэ гадарлаж байгаа биз ээ.
Үүнээс гадна хэнд ч ойлгомжтой нэг үнэн гэвэл төмөр замын царигийн асуудал Орос, Хятад хоёр гүрэн гэхээсээ АН-ын дотоод хямрал, Н.Алтанхуягийн Засгийн газрын эв түнжинг харах “толь” болчихоод байгаа билээ. Тиймээс ч бүлгийн хурлаар төмөр замын царигийн асуудлыг чухалчлан хэлэлцсэн байна. Ингэхдээ өмнөх парламент, хамтарсан Засгийн газрын түүхийг ч эргэн сөхөж, фракц хоорондын эв нэгдэл, ерөөсөө АН-ынхан нэгэн зүгт харж эс чадваас сөрөг хүчний хүссэн нөхцөл байдлыг бий болгоход хүрээд байгаа талаар чөлөөтэй ярилцжээ. Түүнчлэн “Шинэ төмөр зам” төслийн санхүүжилтийн 400 сая ам.долларын асуудлаар өнгөрсөн баасан гаригт хуралдсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр танхимын хоёр сайд зөрүүтэй мэдээлэл хийж, шүүмжлэл дагуулсан. Нэг танхимын сайд нарын хувьд өнөөг хүртэл тооцоо нийлж, хэл амаа ололцож чадаагүй байгааг ч бүлгийн зарим гишүүн хатуухан шүүмжилжээ. Дашрамд дурдахад, “Х.Баттулгын хүн” гэгддэг Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяаг “60 сая ам.долларын өртөг бүхий хятад зүтгүүрийн хэргээр баривчлах нь” гэсэн мэдээлэл цахим хуудаснаа гарах болов.
Дээрх мэдээлэлд Б.Батзаяаг шаардлага хангахгүй зүтгүүр худалдан авсан хэмээн хардсан бололтой. Харин логикийн хувьд энэ нь бодит байдалд үл нийцэх билээ. Учир нь дээрх зургаан зүтгүүрийг С.Батболдын Засгийн газрын үед Сангийн яамнаас тендер зарлаж, БНХАУ-аас авчрахаар шийдвэрлэжээ. Гэтэл Б.Батзаяаг “Монголын төмөр зам” ТӨК-ийн захирлаар ажиллаж байхад өнөөх зүтгүүрүүдийг авчирч таарч л дээ. Харин өнөөг хүртэл уг хөдөл гүүрийг ашиглаагүйн шалтгаан нь Оросын тал “Манай төмөр зам дээр хятад зүтгүүр явуулахыг зөвшөөрөхгүй” хэмээн гөжүүдэлсэнтэй холбоотой. “Энэ нь хог болж хаягдсан гэсэн үг биш. Уг хөдлөх бүрэлдэхүүн зохих үүргээ гүйцэтгэж чадна” хэмээн албаны эх сурвалжууд тайлбарладаг.
Тэгэхээр зүтгүүрүүд “Улаанбаатар төмөр зам”-ын Зүтгүүрийн депогийн хашаанд байгаад Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа буруугүй. Тэр зүтгүүрийг авчрах замд ашиг хонжоо унагах боломж түүнд олдоогүй гэсэн үг. Нөгөөтэйгүүр ХААН банкны барьцаанд тавьсан гэх зүтгүүрийг дээрх хятад зүтгүүрүүдтэй андуурч будлиад байгаа юм. Уг нь банкны барьцаанд орос зүтгүүрүүдийг тавьсан байсан. Энэ мэтчлэн ээдрээтэй асууд лынхаа зангилааг тайлж явахгүй бол хэсэгхэн хугацааны дараа хуримтлагдсан бөөн хэрэгт унагадаг мэх бий гэдгийг сануулахад илүүдэхгүй болов уу.